АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.НЯМЛХАГВА: СЭТГЭЛ СУДЛАЛЫН МЭДЛЭГИЙГ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОДИТ НӨХЦӨЛД ХЭРЭГЛЭХ ЧАДВАР, ХҮНИЙ ЭРХ, НЭР ТӨРИЙГ ХҮНДЭТГЭХ ХАНДЛАГА, СЭТГЭЛ ЗҮЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ, МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭД ЧИГЛЭДЭГ

Огноо: 2026-11-13
АХЛАХ ДЭСЛЭГЧ Б.НЯМЛХАГВА: СЭТГЭЛ СУДЛАЛЫН МЭДЛЭГИЙГ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОДИТ НӨХЦӨЛД ХЭРЭГЛЭХ ЧАДВАР, ХҮНИЙ ЭРХ, НЭР ТӨРИЙГ ХҮНДЭТГЭХ ХАНДЛАГА, СЭТГЭЛ ЗҮЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ, МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭД ЧИГЛЭДЭГ
“Энэ хичээлээр ямар мэдлэг олгодог вэ?” булангийн зочноор Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимийн багш, ахлах дэслэгч Б.Нямлхагвыг урьж ярилцлаа.  

-Та ямар хичээл заадаг вэ. Энэ хичээлийн зорилго, агуулгыг товч танилцуулна уу?       

-Би Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл”, “Нийгмийн ажил”, “Аюулгүй байдал судлал” бакалаврын хөтөлбөрийн сонсогч, суралцагчдад “Мэргэжлийн сэтгэл судлал” хичээлийг заадаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар бэлтгэгдэж буй сонсогч, суралцагчдад мэргэжлийн үйл ажиллагаандаа сэтгэл судлалын онолын мэдлэг, практик арга зүйг хэрэглэх чадвар эзэмшүүлэхэд чиглэдэг. Энэ хүрээнд хууль сахиулах байгууллагын алба хаагчийн сэтгэл зүйн онцлог, мэргэжлийн үйл ажиллагаанд тавигдах сэтгэл зүй, зан үйлийн болон ёс зүйн шаардлага, сэтгэл хөдлөл, зан үйлээ удирдах чадварыг судлахын зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгт сэжиглэгдсэн, ял шийтгүүлсэн болон эрх чөлөө нь хязгаарлагдсан этгээдийн сэтгэл зүй, зан үйлийн онцлогийг танин мэдэх, тэдэнтэй мэргэжлийн ёс зүй, хүний эрхийг хүндэтгэх зарчимд тулгуурлан үр дүнтэй харилцах, харилцан ойлголцол бий болгох, зөрчилдөөнт нөхцөл байдлыг зохистой удирдах мэдлэг, чадварыг төлөвшүүлэх асуудлыг авч үздэг.

-Энэ хичээлээр суралцагчид юуны талаар судалж, ямар гол мэдлэг, ойлголт, мэдээллийг олж авдаг вэ?

-Энэ хичээлээр сонсогч, суралцагчид хүний сэтгэл зүй, зан үйл, харилцааны онолын үндэс, тэдгээрт нөлөөлөх нас, хүйс, жендер, хувь хүний хөгжил, нийгэм, амьдралын орчны хүчин зүйлсийг судалж, хувь хүний сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ, зан үйлийн ялгаатай байдлын талаар суурь мэдлэг эзэмшинэ.

Хичээлийн агуулгад хууль сахиулах байгууллагын алба хаагчийн сэтгэл зүйн онцлог, мэргэжлийн үйл ажиллагаанд тавигдах зан үйл, ёс зүйн шаардлага, сэтгэл хөдлөлөө удирдах, бусдыг идэвхтэй сонсох, үгэн болон үгэн бус харилцааны арга барилыг эзэмших, зөрчилдөөнт нөхцөл байдлыг зохистой шийдвэрлэх асуудлыг хамруулна.

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлогтой уялдуулан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол, хоригдогчийн сэтгэл зүй, зан үйлийн онцлог, эрх чөлөө хязгаарлагдсан нөхцөл дэх сэтгэл зүйн өөрчлөлт, дасан зохицох үйл явц, тэдгээртэй харилцах арга зүйг судална. Мөн хорих байгууллагын сэтгэл зүйн үйлчилгээний зохион байгуулалт, сэтгэл зүйн байдлыг судлах, үнэлэх үндсэн арга, сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, холбогдох баримтжуулалтын талаар ойлголттой болно.

-Таны хичээлийн хамгийн гол онцлог, бусад хичээлээс ялгарах тал нь юу вэ?

-Тус хичээлийн гол онцлог нь сэтгэл судлалын онолын мэдлэгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны онцлог, алба хаагчийн мэргэжлийн харилцаа, тулгамдаж болох сэтгэл зүйн нөхцөл байдалтай уялдуулан практик хэрэглээнд чиглүүлэн судалдагт оршино. Тухайлбал, хоригдол, хоригдогчийн сэтгэл зүй, зан үйлийн онцлогийг танин мэдэх, тэдгээртэй үр дүнтэй харилцах, сэтгэл зүйн дарамт, зөрчилдөөнт нөхцөл байдлыг зохистой удирдах, мэргэжлийн үйл ажиллагаанд хүний эрх, ёс зүйн зарчмыг баримтлах асуудлыг түлхүү авч үздэг.

Сургалтын явцад тохиолдлын шинжилгээ, дүрд тоглох, нөхцөл байдалд суурилсан дасгал, хэлэлцүүлэг зэрэг идэвхтэй сургалтын арга зүйг ашиглан суралцагчдын хүний зан үйлийн шалтгаан, нөхцөлийг шинжлэн ойлгох, сэтгэл зүйн эрсдэлийг танин мэдэх, харилцааны оновчтой арга барилыг сонгох, шийдвэрээ үндэслэлтэй тайлбарлах чадварыг хөгжүүлэхэд анхаардаг.

Ийнхүү сэтгэл судлалын мэдлэгийг зөвхөн онолын түвшинд эзэмшүүлэх бус, мэргэжлийн үйл ажиллагааны бодит нөхцөлд хэрэглэх чадвар, хүний эрх, нэр төрийг хүндэтгэх хандлага, сэтгэл зүйн тогтвортой байдал, мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэхэд чиглэдгээрээ бусад хичээлээс ялгаатай.

-Онолын мэдлэгээс гадна ямар практик мэдлэг, ойлголтыг суралцагчдад олгодог вэ?

-Тус хичээлээр сонсогч, суралцагчид сэтгэл хөдлөлийн чадамж, хувь хүний зан төлөв, темпераментын онцлогийг танин мэдэж, өөрийн болон бусдын сэтгэл зүй, зан үйлийг ойлгох, харилцааны арга барилаа нөхцөл байдалд нийцүүлэн сонгох практик чадвар эзэмшинэ.

Мөн сэтгэл зүйн сорил, үнэлгээний арга хэрэгслийн хэрэглээний талаар суурь ойлголттой болж, сэтгэл хөдлөлөө зохицуулах, стрессийг даван туулах, зөрчилдөөнт нөхцөл байдлыг удирдах, бусдыг идэвхтэй сонсох, үр дүнтэй харилцах чадварыг сэтгэл зүйн тренинг, дасгал, дүрд тоглох болон тохиолдолд суурилсан сургалтын аргаар хөгжүүлнэ.

Эдгээр мэдлэг, чадвар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч мэргэжлийн үйл ажиллагаандаа сэтгэл зүйн тогтвортой байдлаа хадгалах, хоригдол, хоригдогчтой харилцахдаа тэдний сэтгэл зүйн онцлогийг харгалзан үзэх, эрсдэлтэй нөхцөл байдалд зохистой хариу үйлдэл үзүүлэхэд практик ач холбогдолтой.

-Энэ хичээлээр олж авсан мэдлэг нь суралцагчдын ирээдүйн мэргэжил, ажил амьдралд хэрхэн хэрэг болох вэ?

-Тус хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадвар нь сонсогч, суралцагчдын ирээдүйн мэргэжлийн үйл ажиллагаанд хүний сэтгэл зүй, зан үйлийн онцлогийг ойлгох, нөхцөл байдалд нийцүүлэн үр дүнтэй харилцах, сэтгэл зүйн эрсдэлийг танин мэдэх, үндэслэлтэй шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Ялангуяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчаар ажиллахдаа хоригдол, хоригдогчийн сэтгэл зүйн онцлогийг харгалзан харилцах, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх, хүндрэлтэй нөхцөл байдлыг зохистой удирдах, хүний эрх, нэр төрийг хүндэтгэн мэргэжлийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд практик ач холбогдолтой.

Түүнчлэн өөрийн сэтгэл хөдлөл, зан үйлийг удирдах, ажлын байрны стресс, сэтгэл зүйн ачааллыг даван туулах, хамт олонтойгоо үр бүтээлтэй хамтран ажиллах, гэр бүл болон нийгмийн харилцаанд харилцан ойлголцол, хүндэтгэлийг эрхэмлэх чадварыг төлөвшүүлснээр мэргэжлийн төдийгүй хувь хүний хөгжил, амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлнэ.

-Таны бодлоор энэ хичээлийг судлах нь Дотоод хэргийн их сургуулийн суралцагчдад ямар ач холбогдолтой вэ?

-Энэ хичээлийг судлах нь Дотоод хэргийн их сургуулийн суралцагчдад хүний сэтгэл зүй, зан үйлийн онцлогийг танин мэдэх, мэргэжлийн үйл ажиллагаандаа сэтгэл судлалын мэдлэгийг оновчтой хэрэглэх, харилцааны болон сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Ялангуяа хууль сахиулах байгууллагын алба хаагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд тохиолддог сэтгэл зүйн дарамт, стресс, зөрчилдөөнт нөхцөл байдлыг зохистой удирдах, иргэд болон эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүстэй хүний эрх, мэргэжлийн ёс зүйн зарчимд нийцүүлэн харилцах чадварыг төлөвшүүлнэ.

Ингэснээр суралцагчдын сэтгэл зүйн бэлтгэл, мэргэжлийн ур чадвар, хувь хүний хөгжлийг дэмжиж, хүний эрх, нэр төрийг хүндэтгэдэг, сэтгэл зүйн тогтвортой байдалтай, ёс зүйтэй, хүнлэг, хариуцлагатай алба хаагч бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулна.

-Та энэ хичээлийг судлах гэж буй суралцагчдад юу гэж зөвлөх вэ?

-Энэ хичээлийг судлахын өмнө “Ерөнхий сэтгэл судлал” суурь хичээлийг судалж, хүний сэтгэл зүй, зан үйл, харилцааны талаарх үндсэн ойлголтыг эзэмшсэн байхыг зөвлөж байна. Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиг үүрэг, хорих байгууллагын үйл ажиллагааны онцлог, алба хаагчийн мэргэжлийн харилцааны талаар тодорхой мэдлэгтэй байх нь хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн ойлгоход ач холбогдолтой.

Суралцагчид онолын мэдлэгийг эзэмшихдээ цээжлэхээс илүүтэйгээр бодит нөхцөл байдалд хэрхэн хэрэглэхэд анхаарч, сургалтын дасгал, хэлэлцүүлэг, дадлага ажилд идэвхтэй оролцон, өөрийгөө болон бусдыг танин мэдэх, харилцааны ур чадвараа хөгжүүлэхийг зөвлөж байна. Хамгийн чухал нь хүний сэтгэл зүй, зан үйлийг өрөөсгөлөөр дүгнэхгүй, хувь хүний ялгаатай байдлыг хүндэтгэх, аливаа нөхцөл байдалд хүнлэг, ёс зүйтэй хандах хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.68)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook