Дотоод хэргийн их сургуулийн “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургууль, Албаны бэлтгэлийн "Соёмбо" төв хамтран “Тусгай бэлтгэлийн сургалтын тогтолцоо, биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх эрх зүйн байдал ба хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2026.11.13/ Их сургуулийн "Соёмбот" танхимд зохион байгууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн болон бусад холбогдох байгууллагын эрдэмтэн судлаач, багш, сонсогч, суралцагч, иргэдийн төлөөлөл оролцож шилдэг найман илтгэлийг хэлэлцүүлэв.
Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор, цагдаагийн хурандаа Б.Баянмөнх “Тусгай хэрэгсэл хэрэглэх эрх зүйн зохицуулалт, практик хэрэглээний үр нөлөө судалгаа”, “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн Тактикийн тэнхимийн багш, цагдаагийн дэслэгч Х.Амартүвшин “Монгол улсын иргэдийн галт зэвсэг хэрэглэх эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал, боловсронгуй болгох”, Дотоодын цэргийн Тусгай ажиллагааны газрын бүлгийн захирагч, ахмад Х.Булгантамир “Сөрөг тусгай ажиллагааны хүчинд анх орох иргэнийг сонгон шалгаруулах, тогтолцооны асуудал, шинэчлэх шаардлага”, Цагдаагийн ерөнхий газрын НХЖХОНАБХА-ны Захиргаа удирдлагын хэлтсийн Зэвсэг тусгай хэрэгсэл хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Батчулуун “Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч, галт зэвсэг хэрэглэх албаны сургалтыг сайжруулах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Мөн Их засаг их сургуулийн Аюулгүй байдал, хууль сахиулахын сургуулийн Аюулгүй байдлын тэнхимийн багш, доктор, (Ph.D) цагдаагийн дэд хурандаа Б.Батжав “Биеийн хүч хэрэглэх сургалтын тухай ойлголт заах арга зүйн онцлог”, Хилийн албаны сургуулийн Цэргийн хэргийн тэнхимийн багш, дэд хурандаа Э.Сандагжав, Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч А.Шинэжил нар “Алба хаагчийн хүч хэрэглэх ажиллагааны онцлог, чиг хандлага”, “Албаны” бэлтгэлийн Соёмбо төв”-н ахлах багш, дэд хурандаа Х.Түвшинтөгсийн удирдсан Цагдаагийн сургуулийн 322 дугаар дамжааны сонсогч Э.Хонгорзул “Цагдаагийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлийг хөгжүүлэх сургалтын орчин” сэдэвт шилдэг 8 илтгэлийг хэлэлцүүлж санал боловсруулан оролцогчдод "Батламж" гардуулсан юм.
Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон нийт оролцогчид та бүхний эрдэм судлалын ажилд амжилт хүсье.