"ЭРЭН СУРВАЛЖЛАЛТ: ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-11-16
"ЭРЭН СУРВАЛЖЛАЛТ: ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ" СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимээс “Эрэн сурвалжлалт: Эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хурлын танхимд 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус хурлыг энэ удаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албатай хамтран явуулснаараа онцлогтой.

Энэхүү хуралд эрэн сурвалжлах чиглэлээр тодорхой чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн тусгай албадаас 30 гаруй илтгэл ирүүлснээс шилдэг 8 илтгэлийг шалгаруулж хэлэлцүүлсэн юм.

ДХИС-ийн Сургалт-Судалгааны 403 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Иргэний шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн профессор, доктор (Ph.D), хурандаа Я.Батгэрэл "Ялтан этгээдийг эрэн сурвалжлахад тулгамдсан асуудал", ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны мэргэжилтэн, хошууч А.Жандаг "ШШГБ-ын эрэн сурвалжлах ажиллагааны удирдлага, зохион байгуулалт", ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Серикжан "Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээдийг гадаад улсад оргон зайлсан тохиолдолд олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал", ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Намжилдорж "Олон улсын эрэн сурвалжлах ажиллагаанд гарч буй зардалд хийсэн судалгаа", ШШЕГ-ын Криминалистикийн шинжилгээний газрын гарын мөрийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ж.Баттулга, ахлах шинжээч, цагдаагийн хошууч Ж.Пүрэвсүрэн "Эрэн сурвалжлах ажиллагаанд гарын хээний нэгдсэн сангийн мэдээллийг ашиглах боломж, тулгамдаж буй асуудал", Цагдаагийн сургуулийн Мөрдөх арга зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч О.Баярсайхан "Эрэн сурвалжлах ажиллагаанд хиймэл оюун ашиглах хэрэгцээ, шаардлага", ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны Гүйцэтгэх ажлын хэлтсийн ахлах төлөөлөгч, доктор (Ph.D), дэд хурандаа Ч.Батболд, хэлтсийн төлөөлөгч, ахмад Э.Төвшин-Эрдэнэ "Оргосон хоригдолд туслалцаа үзүүлсэн хүнд хүлээлгэх хууль зүйн хариуцлагын зарим асуудал", Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Д.Бат-Эрдэнэ "Эрэн сурвалжлах байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид илтгэгчдээс эрэн сурвалжлах үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт, удирдлага, зохион байгуулалтын хүрээнд практикт тулгамдсан асуудлуудыг хөндсөн асуулт асууж, шийдлийг эрэлхийлсэн өндөр ач холбогдолтой хурал боллоо.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын хэлэлцүүлгийн үр дүнд гарсан зөвлөмжийг оролцогч байгууллагууд руу хүргүүлж, эрэн сурвалжлах ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр байнга хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.77)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook