Ирээдүйд мөрдөгч, прокурор, өмгөөлөгч, хуульч, шүүгч, шинжээч, эрх зүйч, шийдвэр гүйцэтгэгч, хэсгийн төлөөлөгч болон бусад хуулийн мэргэжилтэн болох сонсогч, суралцагчид “Шүүх сэтгэц, гэм судлал” хичээлийг яагаад заавал судлах ёстой вэ?
-Та ямар хичээл заадаг вэ. Энэ хичээлийн зорилго, агуулгыг товч танилцуулна уу?
-Би бакалаврын сонсогч, суралцагчдад “Шүүх сэтгэц, гэм судлал” хичээлийг заадаг. “Шүүх сэтгэц, гэм судлал” нь эрүүгийн болон иргэний хэрэгт холбогдсон этгээдийн сэтгэцийн байдлыг шинжлэн, үнэлэлт, дүгнэлт гаргадаг анагаах ухаан болон хууль зүйн шинжлэх ухааны огтлолцолд орших салбар дундын шинжлэх ухаан юм.
Уг хичээлийн зорилго бол ирээдүйд мөрдөгч, прокурор, шүүгч, өмгөөлөгч, хуульч, шинжээч, эрх зүйч, шийдвэр гүйцэтгэгч, хэсгийн төлөөлөгч болон бусад хуулийн мэргэжилтэнд сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгийг таньж мэдэх, сэтгэцийн эмгэгтэй хүнтэй хууль ёсны, хүмүүнлэг байдлаар харилцах, шүүх сэтгэцийн шинжилгээг хэзээ, яаж томилохыг мэдэх, шинжилгээний дүгнэлтийг зөв уншиж, ашиглаж, сургахад оршино.
Агуулгын хувьд сэтгэцийн эмгэгийн ерөнхий ойлголт, ангиллаас эхэлдэг. Дараа нь гол шизофрени, сэтгэл хөдлөлийн эмгэг, оюуны хомсдол, зан төлөвийн эмгэг, архи, мансууруулах бодистой холбоотой эмгэгүүдийг үзнэ. Эцэст нь шүүх сэтгэц эмгэг судлалын үндсэн асуудлууд эрүүгийн хариуцлага хүлээх чадвар, иргэний эрх зүйн чадамж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ, шүүх сэтгэцийн шинжилгээний зохион байгуулалт гэсэн агуулгаар хичээлийг ордог ба хичээлийн бүх сэдвийг хүний эрхийн зарчимд тулгуурлан заадаг. Сэтгэцийн эмгэгтэй хүн ч бусдын адил нэр төр, эрх чөлөө, шударга шүүхийн хамгаалалт эдлэх эрхтэй.
-Суралцагчид ямар гол мэдлэг, ойлголт олж авдаг вэ?
-Сонсогч, суралцагчид маань хүний сэтгэцийн хэвийн ба эмгэг байдлыг ялгах, сэтгэцийн эмгэг хүний зан үйл, шийдвэр гаргах чадварт хэрхэн нөлөөлдгийг судалдаг. Мөн эрүүгийн хариуцлага хүлээх чадвар, иргэний эрх зүйн чадамж, дүр эсгэлтийг илрүүлэх, гэрч хохирогчийн мэдүүлгийн найдвартай байдлыг үнэлэх зэрэг асуудлыг судалдаг. Сэтгэцийн эмгэгтэй байх нь хариуцлагаас автоматаар чөлөөлөх үндэслэл биш гэдгийг тодорхой ойлгодог. Үүнийг хариуцлагаас зайлсхийх гэж дүр эсгэсэн хүний жишээгээр харьцуулан судалдаг. Мөн Монгол Улсын 2009 онд соёрхон баталсан НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн хүний эрхийн баталгаатай танилцдаг.
-Таны хичээлийн гол онцлог юу вэ?
-Хамгийн гол онцлог нь “Шүүх сэтгэц, гэм судлал” хичээлийг кейсд суурилсан сургалтын аргаар заадгаараа онцлог юм. Зөвхөн онолыг тайлбарлаад орхидоггүй. Хичээл бүрийг бодит практикаас сэдэвлэсэн, хувь хүний мэдээллийг нь нууцалсан кейсээр эхэлдэг. Жишээлбэл нэг кейсэд хүн гэр бүлийн гишүүндээ хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт мөрдөн шалгах явцад тэрбээр “намайг хөршүүд хянаж байгаа, гэр бүлийнхэн маань тэдэнтэй нийлсэн” гэж ярьдаг. Сонсогч, суралцагчид дараах асуултад хариулна. Энд ямар шинж тэмдэг ажиглагдаж байна вэ? Энэ нь дэмийрэл байж болох уу? Шүүх сэтгэцийн шинжилгээ томилох үндэслэл бий юу? Шинжээчид ямар асуулт тавих вэ? Дүгнэлт гарсны дараа ямар эрх зүйн үр дагавар үүсэх вэ? Ийм аргаар сонсогч, суралцагч цээжлэх биш, сэтгэн дүгнэж, шийдвэр гаргаж сурдаг. Өөрөөр хэлбэл сонсогч, суралцагч тус бүр кейсийн дүр орж, мөрдөгч, прокурор, өмгөөлөгч, шинжээчийн байр сууринаас энэ хэргийг задлан шинжилж, шинжилгээ томилох үндэслэл бий эсэхийг шийддэг. Дараа нь шинжээчид ямар асуулт тавих, дүгнэлт гарсны дараа ямар эрх зүйн үр дагавар үүсэхийг хэлэлцдэг. Бусад хичээлээс ялгарах өөр нэг тал нь анагаах ухаан, хууль зүйн зүйн мэдлэгийг нэгтгэдэгт оршино. Манай хичээл эдгээр аргын сайн талыг нэгтгэж, сонсогч, суралцагчид төрийн албанд орохоос нь өмнө эзэмшүүлэхийг зорьдог.

-Онолоос гадна ямар практик чадвар олгодог вэ?
-Баривчлах, байцаах, дуудлагаар очих үед хүний ухамсрын байдал, дэмийрэл, амиа хорлох эрсдлийн шинжийг анзаарах, хямралд орсон хүнийг хүч хэрэглэхгүйгээр тайвшруулах, шинжилгээ томилох тогтоол боловсруулж, шинжээчид зөв асуулт тавих, оюуны хомсдолтой хүн, хүүхэд, хүчирхийллийн хохирогчоос мэдүүлэг авахдаа тэднийг дахин гэмтээхгүй байх зэрэг эдгээрийг дүрд тоглох дасгалаар давтдаг. Жишээлбэл: Мэдүүлэг нь зөрчилтэй хохирогч худал хэлж байна уу эсвэл цочролд орсон уу гэдгийг ялгаж сурдаг. Дасгал бүрт тухайн хүний эрх хангагдсан эсэхийг заавал үнэлүүлж, сургахыг зорьдог.
-Энэ мэдлэг ирээдүйн ажилд хэрхэн хэрэг болох вэ?
-Ирээдүйд мөрдөгч, прокурор, шинжээч, өмгөөлөгч, хуульч, шүүгч, эрх зүйч, шинжээч, шийдвэр гүйцэтгэгч, хэсгийн төлөөлөгч болон бусад хуулийн мэргэжилтэн нь сэтгэцийн эмгэгтэй хүнтэй эргүүл манаа, мөрдөн байцаалт, шүүх хуралдаан, хорих байгууллага гээд бараг бүх шатанд тулгардаг. Энэ мэдлэг нь хэргийг зөв шийдвэрлэх, буруу хүнийг буруутгахаас сэргийлэх, амь насыг аврахад шууд хэрэг болно. Мөн төрийн алба хаагч өөрийнхөө стресс, ядаргааг таньж, цаг тухайд нь тусламж хайхад тусална. Ингэснээр хууль сахиулах байгууллагад цаашид олон нийтийн итгэх итгэл бэхжих ач холбогдолтой юм.
-Яагаад хуулийн мэргэжилтэн бүр энэ хичээлийг заавал судлах ёстой вэ?
-Аливаа гэмт хэргийн шат бүрт өөр өөр мэргэжилтэн энэ мэдлэгийг ашигладаг. Хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч хямралд орсон иргэнийг эрт таньж, эмнэлэгт шилжүүлнэ. Мөрдөгч эргэлзээ төрвөл шүүх сэтгэцийн шинжилгээ томилно. Прокурор шинжилгээ зөв томилогдсон эсэхэд хяналт тавьж, дүгнэлтийг үнэлнэ. Шүүгч хариуцлага хүлээх чадварыг тогтоож, ял эсвэл эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шийднэ. Шийдвэр гүйцэтгэгч, хорих байгууллагын алба хаагч эмзэг хүний эрх, аюулгүй байдлыг хангана. Нэг шатанд гарсан алдаа дараагийн бүх шатанд нөлөөлдөг. Тиймээс хуулийн мэргэжилтнүүд нэг ойлголттой байх ёстой. Хамгийн гол нь сонсогч, суралцагчид сэтгэцийн эмгэгтэй хүн бусдын адил нэр төр, эрх чөлөөтэй гэдгийг ажлаараа хамгаалж сурдаг. НҮБ-ын конвенцийн 14 дүгээр зүйлд хөгжлийн бэрхшээл нь хүнийг эрх чөлөөнөөс нь хасах үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Иймд Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид энэ зарчмыг өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлж чаддаг байх ёстой.
-Энэ хичээлийг судлах гэж буй суралцагчдад юу гэж зөвлөх вэ?
-Сониуч байж, өрөөсгөл ойлголтоосоо салж, шинжлэх ухаанд тулгуурлан сураарай. Кино, олон нийтийн сүлжээнээс авсан айдас төрүүлсэн ойлголт бодит байдлыг гуйвуулдаг. Кейс бүрийг ирээдүйд таны өмнө тулгарах бодит нөхцөл гэж хүлээж аваарай. Эцэст нь хэлэхэд хуулийг чанд мөрдөх, хүнийг хүндэтгэх хоёр хамтдаа л жинхэнэ хуулийн мэргэжилтнийг бүтээнэ гэж санаж явдаг билээ.
"Сонсогч-Сурвалжлагч" клуб