Дотоод хэргийн их сургууль нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын цагдаагийн академи болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах их сургуультай хамтын ажиллагааны хүрээнд "Оюутан солилцооны хөтөлбөр"-ийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Цагдаагийн сургуулийн хоёрдугаар дамжааны таван сонсогч 2026 оны 09 дүгээр сараас эхлэн дээрх хоёр улсын их, дээд сургуулиудад суралцаж байгаа юм.
БНСВУ-ын Ардын цагдаагийн академийн "Шинжлэн магадлахуй" сэдэвт мэдлэг, ур чадвар сорих олон улсын оюутны тэмцээнд сонсогч М.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр, дэд түрүүч Г.Бөхбат гутгаар байр эзэлж, Их сургуулийнхаа нэрийг олон улсын түвшинд амжилттай гаргалаа.
Мөн БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах их сургуулиас зохион байгуулсан урлагийн наадамд сонсогч А.Итгэл, сонсогч П.Өнөрбаяр, сонсогч Л.Эрхэмбаяр нар оролцож, Монгол ардын “Баярын жагсаал” дууг өргөн барьж, үндэсний соёл, өв уламжлалаа сурталчилсан байна.
Энэхүү оюутан солилцооны хөтөлбөр нь сонсогч, суралцагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын туршлага судлах, хэл, соёлын мэдлэгээ өргөжүүлэх, цаашлаад хамтран ажиллагч байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Олон улсын тэмцээн болон урлагийн наадамд амжилттай оролцсон сонсогч, суралцагчдадаа баяр хүргэж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
