ХОШУУЧ Б.ХИШИГЖАРГАЛ: САЙН УДИРДАГЧ БОЛЖ ТӨЛӨВШИХӨД ЦЭРГИЙН СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХИЧЭЭЛ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

Огноо: 2026-11-17
ХОШУУЧ Б.ХИШИГЖАРГАЛ: САЙН УДИРДАГЧ БОЛЖ ТӨЛӨВШИХӨД ЦЭРГИЙН СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХИЧЭЭЛ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ
Энэ хичээлээр ямар мэдлэг олгодог вэ?” булангийн зочноор Сэтгэл судлалын институтийн ахлах багш, хошууч Б.Хишигжаргалыг урьж ярилцлаа.

-Та ямар хичээл заадаг вэ. Энэ хичээлийн зорилго, агуулгыг товч танилцуулна уу?

-Би Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуульд “Цэргийн сэтгэл судлал” хичээл заадаг. Энэхүү хичээлийн зорилго нь суралцагчдад цэргийн алба хаагчийн сэтгэл зүйн онцлог, цэргийн хамт олны харилцаа, удирдлага, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг олгож, түүнийг албан үүргээ гүйцэтгэхэд хэрэглэх чадвар эзэмшүүлэхэд оршино. Хичээлийн хүрээнд цэргийн алба хаагчийн хувь хүний онцлог, сэтгэл зүйн байдал, цэргийн хамт олны сэтгэл зүй, удирдагчийн нөлөөлөл, албаны нөхцөлд үүсэх сэтгэл зүйн хүндрэл, түүнийг даван туулах арга зам зэрэг асуудлыг судалдаг.

-Энэ хичээлээр суралцагчид юуны талаар судалж, ямар гол мэдлэг, ойлголт, мэдээллийг олж авдаг вэ?

-Суралцагчид цэргийн алба хаагчийн зан үйл, сэтгэл хөдлөл, хүсэл зориг, сэдэл тэмүүлэл, хувь хүний ялгаатай онцлогийг танин мэдэхээс гадна цэргийн хамт олон хэрхэн бүрэлддэг, түүний эв нэгдэл, сахилга бат, харилцаа, сэтгэл зүйн уур амьсгалд ямар хүчин зүйлс нөлөөлдгийг судалдаг.

Мөн цэргийн албаны ачаалал, стресс, сэтгэл зүйн дарамт, зөрчилтэй нөхцөл байдалд хүний зан үйл хэрхэн өөрчлөгддөг, ийм үед удирдагч хүн ямар арга барилаар ажиллах шаардлагатай талаар мэдлэг олж авдаг. Өөрөөр хэлбэл, өөрийгөө болон бусдыг сэтгэл зүйн үүднээс ойлгох суурь мэдлэг эзэмшинэ.

-Таны хичээлийн хамгийн гол онцлог, бусад хичээлээс ялгарах тал нь юу вэ?

-Цэргийн сэтгэл судлалын хичээлийн гол онцлог нь хүний сэтгэл зүйг цэргийн албаны онцгой нөхцөл, удирдлага, захирах-захирагдах харилцаа, сахилга бат, хамтын үүрэг хариуцлагатай холбон судалдгаараа ялгаатай.

Цэргийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн зөвхөн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, техник хэрэгслээс хамаардаггүй. Алба хаагчдын сэтгэл зүйн бэлэн байдал, хамт олны итгэлцэл, удирдагчийн харилцаа, шийдвэр гаргах чадвар чухал нөлөөтэй. Иймээс энэ хичээлээр хүнтэй ажиллах, хүнийг ойлгох, хамт олныг удирдах сэтгэл зүйн үндсийг эзэмшүүлдэг.

-Тус хичээлээр онолын мэдлэгээс гадна ямар практик мэдлэг, ойлголтыг суралцагчдад олгодог вэ?

-Хичээлийн явцад онолын мэдлэгийг бодит нөхцөл байдалтай холбон, тохиолдол шинжлэх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, хэлэлцүүлэг хийх зэрэг арга хэлбэрийг ашигладаг.

Тухайлбал, алба хаагчийн сэтгэл зүйн байдал өөрчлөгдөх, хамт олны дунд зөрчил үүсэх, албан үүргийн ачааллаас шалтгаалан стресс нэмэгдэх, залуу алба хаагч шинэ орчинд дасан зохицоход хүндрэлтэй тулгарах зэрэг нөхцөлд удирдагч хэрхэн ажиллах талаар суралцагчдаар дүн шинжилгээ хийлгэдэг.

-Энэ хичээлээр олж авсан мэдлэг нь суралцагчдын ирээдүйн мэргэжил, ажил амьдралд хэрхэн хэрэг болох вэ?

-Манай суралцагчид ирээдүйд цэргийн алба хаагч төдийгүй хамт олныг удирдан зохион байгуулах офицерууд болно. Тиймээс тэдэнд хүнийг ойлгох, зөв харилцах, хамт олны сэтгэл зүйн уур амьсгалыг эерэг байлгах, алба хаагчдын сэтгэл зүйн хүндрэл бэрхшээлийг эрт анзаарах мэдлэг, чадвар шаардлагатай.

Цэргийн сэтгэл судлалын мэдлэг нь албан үүргээ гүйцэтгэх үед төдийгүй өдөр тутмын харилцаа, гэр бүл, нийгмийн амьдралд ч хэрэгтэй. Ялангуяа өөрийн сэтгэл хөдлөлийг удирдах, бусдыг сонсох, зөрчлийг зохистой шийдвэрлэх, хүнд нөхцөлд тайван байж оновчтой шийдвэр гаргахад ач холбогдолтой.

-Таны бодлоор энэ хичээлийг судлах нь Дотоод хэргийн их сургуулийн суралцагчдад ямар ач холбогдолтой вэ?

-Дотоод хэргийн их сургуулийн суралцагчид ирээдүйд хүний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, улсын хил хамгаалах зэрэг өндөр хариуцлагатай үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр мэргэжлийн онцлог нь хүнтэй харилцах, эрсдэлтэй болон ачаалалтай нөхцөлд ажиллах, бие даан болон хамтран шийдвэр гаргах чадварыг шаарддаг.

Иймээс мэргэжлийн мэдлэг, ур чадвараас гадна сэтгэл зүйн боловсрол эзэмших нь чухал. Сайн удирдагч байхын үндэс нь зөвхөн тушаал өгч, шаардлага тавих бус, удирдаж буй хүмүүсээ ойлгож, тэдэнтэй зөв ажиллах чадвар юм. Энэ чадварыг хөгжүүлэхэд цэргийн сэтгэл судлалын хичээл чухал үүрэгтэй гэж үздэг.

-Та энэ хичээлийг судлах гэж буй суралцагчдад юу гэж зөвлөх вэ?

-Цэргийн сэтгэл судлалыг зөвхөн шалгалтад зориулж онол, тодорхойлолт цээжлэх хичээл гэж битгий ойлгоорой. Харин сурч мэдсэн зүйлээ өөрийн зан үйл, бусадтай харилцах харилцаа, хамт олны өдөр тутмын амьдралтай холбон эргэцүүлж сураарай гэж зөвлөмөөр байна.

Мөн аливаа хүний үйлдэл, зан байдлыг өнгөц дүгнэхээсээ өмнө яагаад ийм үйлдэл гаргаж байгааг ойлгохыг хичээгээрэй. Ирээдүйд та бүхэн олон хүний ажил, амьдрал, аюулгүй байдлыг хариуцсан удирдагчид болно. Хүнийг ойлгодог, сонсож чаддаг, шударга, сэтгэл зүйн мэдрэмжтэй удирдагч болохын төлөө суралцаарай.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.84)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook