Дотоод хэргийн их сургууль нь багш, алба хаагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, эрдмийн зэрэг, цолоо ахиулах боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эрдэмтэн-2027” аяныг эхлүүлж байна.
Тус аяны хүрээнд эрдмийн зэрэг хамгаалах багш, алба хаагчдыг дэмжих хөтөлбөрийг боловсруулж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Их сургуулийн дүрэм, журамд нийцүүлэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санхүүгийн бодлогоор баталгаажуулан ажиллахаар боллоо.
Хөтөлбөрийн хүрээнд докторын зэрэг хамгаалах багш, алба хаагчдын нэгдсэн графикийг баталж, хэрэгжүүлэх, ажил, хичээлийн цагийн ачаалалд зохицуулалт хийж, уян хатан нөхцөл бүрдүүлэн бүтээлийн чөлөө олгох, олон улсын Web of Science (WoS), Scopus мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.
Түүнчлэн эрдмийн зэрэг хамгаалах багш, алба хаагчдад чиглэсэн дэмжлэг, үйл ажиллагааны хүрээнд академик англи хэлний сургалт зохион байгуулах, сургалтын төлбөр, судалгааны ажилд хөнгөлөлт, зээл болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх, судалгааны бүтээлийн чанарыг дэмжих, судалгааны зөвлөх, менторын дэмжлэг үзүүлэх, эрдмийн зэрэг хамгаалсны дараах урамшуулал, карьерын өсөлтийг дэмжих зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Дотоод хэргийн их сургууль эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бодлого, санхүүгийн дэмжлэгээр баталгаажуулан, эрдмийн зэрэг хамгаалах багш, алба хаагчдын хөгжих боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

ЭРХЭМ ХҮНДЭТ БАГШ, АЛБА ХААГЧИД ТА БҮХНИЙГ “ЭРДЭМТЭН 2027” АЯНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ЭРДМИЙН ЗЭРЭГ, ЦОЛОО АХИУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.