С.ДОЛГОРМАА: АЖЛЫГ МААНЬ ҮНЭЛЖ БАЙГААГ МЭДРЭХ ХАМГИЙН ТОМ УРАМ БАЙДАГ

Огноо: 2026-10-13
С.ДОЛГОРМАА: АЖЛЫГ МААНЬ ҮНЭЛЖ БАЙГААГ МЭДРЭХ  ХАМГИЙН ТОМ УРАМ БАЙДАГ
С.ДОЛГОРМАА: АЖЛЫГ МААНЬ ҮНЭЛЖ БАЙГААГ МЭДРЭХ ХАМГИЙН ТОМ УРАМ БАЙДАГ

“Миний ажлын ноу хау” булангийн зочноор Санхүү, ар талын газрын үйлчлэгч С.Долгормаа эгчийг онцоллоо.

Өглөөний 07.20 цаг. Хичээлийн байр хараахан бүрэн хөл хөдөлгөөнд ороогүй ч С.Долгормаа эгчийн ажлын өдөр хэдийн эхэлчихсэн байдаг. Ажлын хувцсаа бүрэн өмсөж, цонхоо нээн агаар оруулж, хамгийн их ачаалалтай хэсгээсээ цэвэрлэгээгээ эхлүүлнэ. Нэг давхраас таван давхар хүртэлх орчин цэвэр цэмцгэр, тухтай байх нь түүний өдөр бүрийн зорилго юм.
Тэрбээр Дотоод хэргийн их сургуулийн Ахлагч мэргэжлийн боловсролын сургуультай ажил, амьдралаа холбоод 15 дахь жилтэйгээ золгож байна. Харин энэ урт замын эхлэл тун энгийн бөгөөд сэтгэл хөдөлгөм түүхтэй.
2010 оны нэгэн өдөр сургуулийн урдуур өнгөрч явахдаа “Энэ сайхан сургуульд ажиллаж үзэх юм сан” гэсэн бодол түүнд төржээ. Тэр бодлоо удаан тээсэнгүй. Шууд орж, хүний нөөцийн ажилтантай уулзав. “Та ажиллаад үз. Чадахаар бол авъя” гэсэн хариулт сонссон тэрээр урам зориг дүүрэн ажлаа эхлүүлсэн ч албан ёсны тушаал нь тэр дороо гарсангүй. Хоёр сар шахам цалингүй ажилласны эцэст 2011 оны хоёрдугаар сарын 6-нд албан ёсоор энэ байгууллагын ажилтан болсон тушаалаа гардан авчээ.
“Тэр өдөр бөөн баяр болсон. Түүнээс хойш жил бүр хоёрдугаар сарын 6-ныг баярын өдөр болгон тэмдэглэдэг” хэмээн С.Долгормаа эгч инээмсэглэн ярив.

Энэ байгууллага надад их зүйл өгсөн
С.Долгормаа эгч Дотоод хэргийн их сургуулийг зөвхөн ажлын газар гэж хардаггүй. Түүний хувьд амьдралынх нь салшгүй нэг хэсэг болжээ.
“Энэ байгууллагад ажилласнаар миний амьдрал их сайхан болсон. Хүүгээ Ахлагчийн сургуулийг төгсгөж гал сөнөөгч болгосон. Охин маань мөн Ахлагчийн сургуулийн цагдаагийн дамжааг төгсөж, одоо дэслэгч цолтой цагдаагийн албанд ажиллаж байна. Хоёр хүүхдээ мөрдөс зүүсэн албаны хүн болгосондоо их баярладаг. Энэ сургууль надад маш их өгөөжөө өгсөн” гэв.
Тиймдээ ч тэр ажилдаа өөриймсөг, сэтгэлээсээ ханддаг. Гэрээсээ хүртэл сайхан үнэртэй цэвэрлэгээний зүйлс авчирч, орчныг илүү тухтай, таатай болгохыг хичээнэ.
“Ажилдаа ирэх дуртай. Өглөө ажил руугаа яардаг. Хүүхдүүд маань ‘Аниа, сайхан амарсан уу?’ гээд угтахаар өдрийн эрч хүч шууд орчихдог” хэмээн ярина.
Хамгийн хүнд ажлаасаа эхэлдэг
Түүний ажлын ноу хау энгийн мэт боловч олон жилийн туршлагаар бий болсон өөрийн гэсэн арга барилтай.
Хамгийн ачаалалтай, хамгийн их цэвэрлэгээ шаарддаг талбайгаасаа ажлаа эхэлнэ. Ингэснээр эрч хүчтэй үедээ хүнд ажлаа амжуулж, өдрийн сүүлээр ядарч эхлэх үед хийх ажил нь хөнгөрсөн байдаг.
“Дуу аялаад л ажлаа хийчихдэг. Ачаалалтай хэсгээ эхэлж дуусгачихвал дараа нь хийх юм бага үлдэнэ. Тэгэхээр түүртдэггүй. Ер нь ажилдаа эрч хүчтэй хандахаар ядрах зав ч гардаггүй” гэв.
Цэвэрлэгээ хийхдээ булан тохой бүрийг анзаарч, “энд хог үлдчих вий” хэмээн дахин дахин шалгадаг нь түүний дадал. Сонсогч, багш, ажилтнуудыг цэвэр цэмцгэр, тухтай орчинд ажиллуулахыг л хүсдэг ажээ.

Хүндлэл ажлыг улам сайхан болгодог
С.Долгормаа эгчийн ярианаас хамгийн олон давтагдах үг бол “хүндлэл”.
Түүний хувьд цэвэрлэгээ хийхээс дутахгүй чухал зүйл нь хүнтэй зөв харилцах, бие биеэ хүндэтгэх явдал аж.
“Захирлаасаа эхлээд сонсогч хүртэл мэндэлдэг. Хүүхдүүд ёслоод мэндэлнэ. Зарим нь кофе, цай өгнө. ‘Аниа, ядарч байна уу?’ гээд санаа тавина. Халааснаасаа чихэр гаргаад өгнө. Тэгэхээр их сайхан. Хүн ажлыг чинь үнэлж байгааг мэдрэх хамгийн том урам байдаг” гэж тэр ярив.
Сонсогчид цэвэрлэгээ хийж байх үед коридороор аль болох зорчихгүй, ажлыг нь хүндэтгэн хүлээдэг. Дамжааны захирагч нар ч түүнтэй нягт хамтарч ажилладаг байна.
Тэрбээр гурван жил дараалан сонсогчдоос талархлын захиа авч байжээ. Мөн багш, ажилтнуудын “Талархлын мод”-нд хамт олон, сонсогчдын саналаар тэргүүлж байсан нь түүний хувьд хамгийн үнэ цэнтэй шагналын нэг.
“Албан шагналаас илүүтэй хүүхдүүдийн ‘Та ядрав уу? Өдрийг сайхан өнгөрүүлээрэй’ гэсэн хэдхэн үг хамгийн их урам өгдөг” хэмээн ярилаа.

Цалингүй ажилласан хоёр сар, мартагддаггүй 40 мянган төгрөг
Түүний ажлын эхний сарууд амар байгаагүй. Тушаал гараагүй учраас хоёр сар цалингүй ажиллажээ. Тэр үед сонсогчдын барьсан гэнэтийн бэлэг түүнд насан туршийн сайхан дурсамж болон үлджээ.
“Цалингүй ажиллаж байхад бүх сонсогч хоёрдугаар давхарт жагсчихсан байсан. Галбадрах дэслэгч ‘Бид танд бэлэг өгч байна’ гээд 40 мянган төгрөг, хоёр хүүхдэд минь өвлийн өвгөний бэлэг өгсөн. Би мэгштэл их уйлсан. Тэр 40 мянган төгрөг надад хэдэн сая төгрөг шиг л санагдаж байсан. Тухайн үед үйлчлэгчийн сарын цалин 70 мянган төгрөг байлаа. Мөн ‘Эгчээ, өнөөдөр та харьж амар’ гэж хэлэхэд үнэхээр их баярласан. Тийм сайхан сэтгэлтэй хүүхдүүд байсан” гэж тэр нулимс дүүрэн дурсав.
Тэр үеийн сонсогчдын зарим нь өнөөдөр дэд хурандаа болжээ. Гэвч олон жилийн дараа тааралдсан ч С.Долгормаа эгчийг таньж, мэндэлдэг хэвээр. Энэ бол түүний хувьд хийсэн ажлынх нь хамгийн бодит үнэлгээ ажээ.

“Тэтгэвэрт гартлаа ажиллана”
Түүнийг ажилд авах эсэхийг шийдэх Захиргааны зөвлөлийн хурлын үеэр тухайн үеийн захирал, цагдаагийн хурандаа С.Болдбаатар: “Та тэтгэвэрт гартлаа энд ажиллах уу?” хэмээн асуужээ.
С.Долгормаа эгч эргэлзэлгүй “Тэгнэ” гэж хариулсан байна. Тэр үед Болдбаатар захирал шоолонгуй инээж байсан ч өнөөдөр түүнээс хойш 15 жил өнгөрчээ. Тэр тэтгэвэрт гарахад цөөхөн жил үлдээд байна.
Энэ хугацаанд тэр ажлаа муу хийлээ гэж нэг ч удаа зэмлүүлээгүй гэдгээрээ бахархдаг.
Сургуулийн болон салбар, яамны шагналаар олон удаа шагнуулж, 2017 онд Дотоод хэргийн их сургуулийн тэргүүний ажилтнаар шалгарч байв. Гэхдээ түүний хувьд хамгийн том шагнал нь хамт олон, сонсогчдын хайр хүндлэл гэнэ.
“Би үйлчлэгч гэдэг нэрэндээ, энэ ажилдаа дуртай. Мэргэжил бүхэн сайхан. Хүн ажлаа чанартай сайн хийх хэрэгтэй. Тэтгэвэрт гартлаа ажиллана гэж боддог” хэмээн ярив:

С.Долгормаа эгчийн “ноу хау”
С.Долгормаа эгчийн 15 жилийн хөдөлмөрийн нууцыг хэдхэн үгээр илэрхийлбэл ажилдаа дуртай байх, өөриймсөг хандах, хамгийн хүнд ажлаасаа эхлэх, хүн бүрийг хүндэтгэх, хийж буй зүйлдээ сэтгэлээ шингээх аж.
Ядарсан үедээ хоёр хүүхэдтэйгээ утсаар ярьчихад л эрч хүч нь сэргэдэг гэнэ.
“Хүүхдүүдээсээ маш их эрч хүч авдаг. Харин ажил дээрээ сонсогчдоосоо урам авна. Тэгээд л маргааш өглөө дахиад ажилдаа яарна даа” хэмээн инээмсэглэх түүний ярианаас ажилдаа хайртай хүний сэтгэл мэдрэгдэнэ.
Өдөр бүр бусдын анзаардаггүй тоосыг арчиж, хэн нэгний магадгүй тоодоггүй орчныг цэвэрхэн байлгаж, хэдэн зуун хүний ажиллах, суралцах тав тухыг бүрдүүлнэ гэдэг өөрөө үнэ цэнтэй хөдөлмөр. С.Долгормаа эгчийн ажлын ноу хау чухам энд оршино. Ажлыг том, жижиг гэж ялгах бус, хийж байгаа ажлаа хайрлаж, чанартай хийхэд л хөдөлмөрийн үнэ цэн оршдог ажээ.
Хамт олныхоо хайр, талархлыг хүлээж ажилдаа эзэн байхын үлгэр дуурайлал болсон С.Долгормаа эгчдээ эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсье.

Ахлах дэслэгч Д.Дайрийжав
 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.214)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook