-“Тэргүүний судлаач багш”-аар шалгарсанд тань баяр хүргэе. Сүүлийн хичээлийн жилүүдэд хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны онцлох ажлуудаасаа тоймлон танилцуулна уу?
-Юуны өмнө эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Эрдэмтэн багш нар, суралцагчидтайгаа хамтран төлөвлөсөн ажлуудаа амжилттай хэрэгжүүлсэн, бүтээлч хөдөлмөрийн үр шим арвин, онцгой жил байлаа.
Тухайлбал, судалгааны ажлын хүрээнд нэг сэдэвт бүтээл болон гарын авлага бичиж нийтийн хүртээл болгосон. “Хууль сахиулах байгууллагын хүний нөөцийн бодлого” нэг сэдэвт бүтээл, Сургалтын арга зүйн гарын авлага маань сургалт, практикт чухал хэрэглэгдэхүүн болж байна. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар УИХ болон бүх шатны ИТХ-ын төлөөлөгч бүрэн эрхийн хугацаандаа санал худалдан авах үйлдэл гаргахыг хориглох эрх зүйн зохицуулалтын хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгаа мөн Баянхонгор аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн захиалгат тус аймгийн гэмт хэргийн криминологи судалгаа, Хотын гэмт хэргийн халуун цэг (Hotspot)-ийг тодорхойлоход Газар зүйн мэдээллийн систем (GIS) болон “Kernel Density” дүн шинжилгээний арга зүйг ашиглах судалгаа, Зам тээврийн ослын “хар цэг”-ийг Монгол Улсын хэмжээнд тогтоож, аппликэйшнд байршуулах хөгжүүлэлтийг хийж дуусгасан нь судалгааны ажлыг бодит амьдрал, практикт шууд нэвтрүүлсэн томоохон үр дүн болсон. Мөн дотоод гадаадын хянан магадлагаа бүхий зэрэг мэргэжлийн сэтгүүлүүдэд нийт 7 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүллээ.
-Таны тайланг уншиж байхад залуу судлаачид, магистрантууд болон сонсогчдыг судалгааны ажилд чиглүүлэхэд багагүй хүчин чармайлт гаргажээ гэж анзаарагдсан л даа.
-Багш хүний үүрэг бол өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ шавь нараа сургах, судалгаа хийх арга зүйд сургах явдал байдаг. Миний хувьд нийт 6 магистрантын судалгааны ажлыг удирдан хамгаалуулж, 2 магистрантын судалгааны ажилд албан ёсны шүүмжлэгчээр, мөн 2 сурах бичиг гарын авлагад шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргасан байна.
Түүнчлэн магистрант Б.Батбилэгийн “Монгол өсвөр үеийнхний дунд үе тэнгийн дээрэлхлийн эрсдэлт хүчин зүйлс ба хамаарал” сэдэвт илтгэл өгүүллийг удирдан 2026 онд БНСУ-д болсон Олон улсын хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэгийн (ASCAPAP) хуралд постер илтгэлээр шалгарч, тусгай байр эзэлсэн нь багш, шавийн хамтын хөдөлмөрийн бахархалт амжилт байлаа. Удирдлагын академийн суралцагчдын дунд “Хууль сахиулах салбарын удирдлага: шинэчлэл, чиг хандлага” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг англи хэл дээр зохион байгуулсан нь суралцагчдын гадаад хэл, судалгааны ур чадварыг ахиулахад түлхэц болсон.
-Орчин үеийн технологи, олон улсын сайн туршлагыг судалгаа, сургалтад хэрхэн нэвтрүүлж байна вэ?
-Өнөөгийн нийгэмд уламжлалт арга барилаас гадна орчин үеийн технологи, шинэлэг сургалтын арга зүйг эзэмших зайлшгүй шаардлага тулгарч байна. Хиймэл оюуныг хотын гэмт хэргийн халуун цэг (Hotspot)-ийг тодорхойлоход ашиглах болон “Kernel Density” дүн шинжилгээний арга зүйг ашиглах арга зүйг сургалт судалгаандаа хэрэгжүүлж байна.
Түүнчлэн НҮБ-ын “ИНТЕГРА САНААЧИЛГА” төслийн хүрээнд хэрэгжиж буй “Шударга уул уурхай: Ирээдүйн шударга манлайлагчдыг бэлтгэх нь” симуляци сургалтын хөтөлбөрийг 2025-2026 онд хэрэгжүүлж, Төв болон Дундговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран орон нутагт зохион байгууллаа. Өөрөө ч бас тасралтгүй суралцахыг эрхэмлэдэг тул БНСУ-д багшлах ур чадварын сургалт, НҮБ-ын хүний эрхийн мэдрэмжтэй мөрдөн шалгах ажиллагааны сургагч багшийн сургалт, АНУ-ын ЭСЯ-ны “Law Enforcement Leadership” зэрэг олон улсын болон дотоодын сургалтуудад хамрагдсан.
-Судалгааны ажлын хамгийн хүнд, бас хамгийн бахархам мөчүүд нь юу вэ?
-Судалгааны ажил гэдэг бол тууштай байдал, багийн ажиллагаа гээд олон чанарыг нэгэн зэрэг шаарддаг. Бодлогын түвшний судалгаа хийх, улс орны хэмжээний дата мэдээлэлд тулгуурлан дүн шинжилгээ хийх, түүнийгээ хэрэгжүүлэх арга зүйг боловсруулан практикт буулгах нь маш нарийн, хариуцлагатай процесс. Заримдаа ачаалал ихсэх үе байдаг ч судалгааны үр дүн маань бодлогын баримт бичигт тусаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах болон суралцагч нар маань амжилт үзүүлэхийг харах тэр мөч бүх бэрхшээлийг мартуулж, улам их урам зориг өгдөг.
-Ажилдаа баримталдаг таны гол зарчим юу вэ?
-Миний ажилдаа баримталдаг хамгийн гол зарчим бол тууштай байж, хамт олонтойгоо хамтран ажиллах явдал. Хүний хичээл зүтгэл өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээнд түүний хэн болохыг илэрхийлдэг гэж боддог. Эрдэм судлалын ажилд хамт олны дэмжлэг, багш шавийн нэгдмэл зорилгын үр дүнд л амжилтад хүрдэг.
-Ярилцсанд баярлалаа. Танд эрдэм судлалын өндөр амжилт хүсье!