Цагдаагийн сургуулийн Дотоодын цэргийн албаны тэнхимийн дэргэдэх “Цагаан арслан” клубээс сонсогчдод ахмад үеийн алба хаагчдын ажил, амьдралын туршлагаас танилцуулах, эх оронч үзэл, үндэсний бахархал, цэрэг, эх орноо хайрлах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Эрдэм шинжилгээ, инновацын газрын судлаач, бригадын генерал Т.Хүрэлбаатарыг урьж, мэдээлэл, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгууллаа.
Тэрээр хил хамгаалалтын нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Базарын Цэдэн-Ишийн ажил, амьдралын замнал, алба хаасан түүх, эх орон, ард түмнийхээ төлөө оруулсан хувь нэмрийн талаар мэдээлэл хүргэж, түүний амьдрал, хөдөлмөрийн туршлагаас суралцах, эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн ярилцлага өрнүүлэв.
Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн сургуулийн Дотоодын цэргийн албаны тэнхимийн багш нар болон Дотоодын цэрэг судлал бакалаврын хөтөлбөрийн 1–3 дугаар дамжааны сонсогчид хамрагдлаа.