Он цаг өнгөрөх тусам орчлон улам сайхан санагдах юм гэж аавын минь шүлэг байдаг. МУ-ын гавьяат хуульч, доктор, профессор, хурандаа А.Лхагваа багштай уулзаад гарахад тийм гэгээн мэдрэмж төрлөө. Нас ная хэдийн хүрсэн ч Их сургуулиас чинь сурвалжлагч ирнэ гэдгийг охин нь хэлэхэд тэнхээ тааруу байгаа ч товлосон цагаасаа түрүүлж сандал дээрээ суугаад бичиж, эмхтгэсэн номнуудаа ирийтэл хураачихсан гэрийнхээ хойморт сууж байлаа.
Энэ нэг талаар офицер хүний зарчим. Нөгөө талаар аливаад хариуцлагатай ханддаг хүмүүний зан чанар ажээ. Нэгэн мэргэн хүмүүн “”Хүн болгон нэгэн хөлгөн судар юм” хэлсэн байдаг. Харамсалтай нь ярилцлага нийтлэгдэхээс өмнө А.Лхагваа хурандаа маань бурхны оронд явсан ч түүний байгуулсан гавьяа, бадрангуй ажил үйлсийг нь мянга мянган шавь нар нь үргэлжлүүлсээр байх нь дамжиггүй. Дотоод хэргийн их сургуулийн анхны "Эмерит" профессор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн үндэс суурийг тавьсан эрхэм хүмүүн А.Лхагва багш маань нэгэн цаг үед “Эх хүн үрийнхээ биеийг төрүүлэхээс сэтгэлийг төрүүлдэггүй гэдэг. Харин багш хүн сэтгэлийн ухаарлыг шавь нартаа төрүүлэн төлөвшүүлдэг тул багшийг эхийн эх гэж үнэлэн хүндлэх монгол сайхан жудаг бий” гэж хэлсэн байдаг” гэж хэлсэн нь бий. Аргагүй л шижир алтнаас үнэтэй үг.
Нэрт сэтгүүлч Х. Цэвлээ гуай Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын сургуулийн нэг онц сурлагатанаар , эх орныг нэг сайн нягтлан бодогч хуульчаар, Шинжлэх ухаан академийг нэг эрдэмтнээр , Монголын Зэвсэгт хүчнийг нэг хурандаагаар, хамгийн гол нь түүний хөрөг нийтлэл найрууллыг уншаад монголын хэвлэл, мэдээллийг нэг авьяаслаг “Сайн дурын уран сайханч”-аар дутаахгүй гэсэндээ Авирмэдийн Лхагваа хэмээх нүүрэндээ галтай нүдэндээ цогтой тэр хүүг 1946 онд Байдраг голын сав нутагт мөнх тэнгэр таалан илгээжээ гэж түүний бичсэн “Гэрчийн мэдүүлэг” номны өмнөтгөлд дурдсан байдаг.
Бидний сайн мэдэх А.Лхагваа багш маань дунд сургуулийн сурагч байхаасаа онц сурлагатан байж, Санхүү эдийн засгийн техникумд элсэн суралцаж, 1964 онд төгсөөд Говь-Алтай аймгийн Нийгмийг Аюулаас хамгаалах хэлтсийн Цагдан сэргийлэх ангийн нягтлан бодогчоор ахлагч цолтой томилогдон, 10 жил тасралтгүй ажиллажээ. Ийн ажиллаж байгаад 1973 онд Засан хүмүүжүүлэх байгууллагын нэр дээр Зөвлөлт холбоот улсын Ленинград хотод ар тал, тээврийн академид Засан хүмүүжүүлэх газрын нэр дээр суралцах болсон нь түүний хувьд төөрөг заяаны тосон хаялга, бурхнаас илгээсэн хишиг хэмээн бэлэгшээдэг ажээ. Тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхандаа наргиа болгоод “Энэ байгууллагын түүхийг их олон жил бичлээ. Намайг олсон энэ байгууллага ч их азтай, би ч энэ байгууллагыг олсон нь азтай” гэж ярьдаг тухайгаа дурсамж нийтлэлдээ бичсэн нь эрхгүй хүндлэл дагуулна. Учир нь энэ байгууллагын 80 жил, 90 жилийн түүхийн номын Ерөнхий редактораар А.Лхагва багш ажиллаж, албаныхаа түүхийг нэгд нэгэнгүй мэддэг нь гайхалтай.
Тэрээр анх 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 287 дугаар тогтоолоор НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль байгуулагдсан. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1982 оын 07 дугаар сарын 26-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуулийг өргөтгөн, Цэргийн дээд сургууль болгосон юм билээ. Хичээлийн шинэ жил дээр БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа ирж, баяр хүргэн үг хэлж, түүнийг Цэргийн дээд сургуулийн “Хүндэт багш”-аар өргөмжилж байсан бахдам түүх түүнийх. Ингээд МУ ын гавьяат хуульч, доктор, профессор, хурандаа А.Лхагваатай 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ярилцсан товч ярилцлагаа хүргэе. -Амрыг эрье. Таныг сургуулийнхаа тэнхимийн эрхлэгч болж ажилласан цаг үеэс эхлэн ярилцлагаа эхлэе? -Амрыг эрье. Би 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр томилогдсон. 1996 онд батлагдсан хуульд нийцүүлэн тэнхимийн нэрийг 1997 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хууль зүйн сайдын 232 дугаар тушаалаар “Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны тэнхим” болгон өөрчилсөн юм. Манай тэнхим байгуулагдах гэж багагүй цаг хугацааг даван туулсан даа. Энэ ажлыг олон жил уйгагүй хөөцөлдөж, улмаар Хууль сайд Ж.Амарсанаа, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ч.Амарболд, Цагдаагийн дээд сургуулийн захирал, хурандаа М.Батаев нар Шүүхийн шийдвэрийн биелүүлэх эрх зүйн тэнхим байгуулах тухай саналыг хүлээн авч, Хууль зүйн сайдын 1996 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Тэнхим байгуулах тухай” 191 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Цагдаагийн дээд сургуульд “Эрүүгийн ял эдлүүлэх эрх зүйн тэнхим”-ийг 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн байгуулахаар шийдвэрлэсэнд талархаж явдаг юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж байсан тэнхимийн үүсэл, хөгжил энэ л байгууллагатай салшгүй холбоотой, нандин, бахархах түүхийн нэг билээ. Дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх тухайн үеийн чиглэл, нь нэгдүгээрт цагдаа, хоёрдугаарт хорих байгууллагын, гуравт хил хамгаалах байгууллагын офицер ажилтан бэлтгэх чиглэлүүд байсан юм. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 192 дугаар тогтоолоор Улсын Цагдан Сэргийлэх ерөнхий газрын харьяанд байхаар шийдвэрлэсэн. Засгийн газрын сургуультай холбогдсон тогтоолын заалт 1992 оноос эхлэн хэрэгжиж Цагдаагийн дээд сургууль болгосон билээ. Ер нь 1990 оноос Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяаллаас гарч, тус тусдаа бие дааж үйл ажиллагаагаа явуулах болсон нь нэлээд томоохон бүтцийн өөрчлөлтүүд хийгдсэн гэж хэлж болно. Илүү тодруулах зүйл байвал багшийнхаа энэ номнуудаас үзээрэй. -Багш хүний хамгийн том бахархал бол шавь нар байдаг. Шавь нараараа бахархсан сайхан үг хэлнэ үү? -Багш хүний хамгийн гол бахархал бол шавь нар шүү дээ. Сургуулиа амжилттай төгсөөд ажил мэргэжилдээ үнэнч яваа бүх шавь нараараа бахархдаг. Хаана ч очсон багшаа гэж угтахаас гадна бүхий л тэмдэглэлт баяруудаар баяр хүргэж, биеийг минь асууж, цол ахихаараа илтгэхэд нь илүү их баярлаж явдаг юмаа. Шүүхийн шйидвэр гүйцэтгэлийн чиглэлээр миний шавь нараас хурандаа болоогүй хүн цөөхөн дөө. Тус байгууллагын анги, салбарын дарга, албан хаагчдын бараг 70 гаруй хувь нь миний шавь нар байдаг гэсэн тооцоо бий. Хорих болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбартай амьдралынхаа 40 гаруй жилийг холбож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдыг бэлтгэхэд 30 гаруй жил ажиллаж, 50 гаруй магистр, 2 докторын ажлыг удирдан хамгаалуулжээ. Хууль сахиулахын их сургуулийн /хуучнаар/ Эрдмийн зөвлөл, докторын болон магистрын хамгаалуулах зөвлөл, Профессорын багийн гишүүнээр олон жил ажиллаж, олон шавь нарынхаа эрдмийн ажил, судалгааны ажилд тусалж байсан. 1987-2015 онд өдөр, орой, эчнээ ангид суралцаж төгссөн 5000 гаруй офицер ажилтнуудыг бэлтгэн шавь нар маань эх орны дөрвөн зүг найман зовхист ажиллаж байна. Миний хөдөлмөр зүтгэлийг Монгол, Орос улсын салбарын яам, байгууллага үнэлж, Хууль зүйн албаны, Ардын боловсролын, Шинжлэх ухааны гээд гурвын гурван салбарын тэргүүний ажилтан цол, “Цагдаагийн алдар” тэмдгээр ч шагнагдсан даа. Би өөрийнхөө гавьяа шагналыг ч шавь нартайгаа холбож үзэж, баярлаж, буян гэж боддог юм. -Та мөн албаныхаа түүхийг бичихэд их үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Яг одоо бидний өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхт 100 жилийн ойд зориулсан ном байна. -Анх 1996 онд хорих байгууллагын 75 жилийн ой болсон юм. Түүхт ойн өмнөхөн тухайн үеийн дарга нар намайг дуудаж, байгууллагынхаа түүхийг бичих үүргийг надад өгч байсан юм. Энэ байгууллагын түүхийг бичих ажил бол цагаан цааснаас эхлээгүй.
Надаас өмнө Л.Чүлтэмсүрэн гуай 1970-аад оны үед 7-8 хэвлэлийн хуудас бүхий түүхийн ном гаргаснаас хойш энэ талаар ном гаргаагүй байсан. Би 2011, 2016 онд 90, 95 жилийн ойд зориулан “Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхэн замнал” номын эх бичвэрийг боловсруулж, ойн арга хэмжээнд зориулан бүтээсэн. Өмнө нь 2008 онд мөн түүхийн ном бичиж, хэвлүүлж байсан даа. Ерөнхийдөө энэ байгууллагын түүхийг босгочихсон юм. Түүхийн он цагийн хэлхээг их л олон талаас нь судалж, олон жилийг зарцууллаа. Үүнийг цааш нь үргэлжлүүлээд бичээд явах хүн одоохондоо гарч ирэхгүй байгаад харамсдаг ч гарна гэдэгт итгэлтэй байна. Эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр болон бусад ямар ном бүтээл туурвисан бэ. Та чинь Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн юм билээ. Би “Цоохор богц буюу гэрчийн мэдүүлэг”, “Тэнхимээс сургууль болж өргөжсөн түүхэн замнал”, “Хорих ял эдлэгсдийг хүмүүжүүлэх-нийгэмжүүлэх ажлын зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтын зарим асуудал”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын эх сурвалж”, “Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн эрх зүй” номыг 2009 онд, мөн 2012 онд бичиж, оюутан-сонсогч, алба хаагчдынхаа эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд зориулж, бие даан 10 гаруй ном, гарын авлага, сурах бичиг бүтээсэн билээ. Мөн “Гэрчийн мэдүүлэг” ном гаргаж, түүнийгээ Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ гуайгаар хянуулж байлаа.
Тухайн үед Х.Цэвлээ гуай намайг “Сэтгүүл зүйн сайн дурын уран сайханч” гэж бичсэн байдаг юм. Тэрбээр энэ бол чамирхсан үг бишээ. Ер нь сайн дурын уран сайханч гэдэг өндөр нэр хүндтэй гэхчилэн тайлбарласан байсан юм даа. Би чинь мэргэжлийн сэтгүүлч, зохиолч биш ч гэсэн 1960-аад оноос эхлэн сэтгүүл зүйн талаар нэлээдгүй хөөцөлдсөн хүн байгаа юм. Тээр жил эхлэн бичигчдийн анхдугаар семинарт оролцож байлаа шүү дээ. Энэ бол сайхан дурсамжийн минь нэгээхэн хэсэг юм. Энэ семинар дээр Л.Түдэв гуай “Сэтгүүлчдийг сургуулиар төдийгүй амьдралаар бэлтгэдэг, тэрхүү амьдралаар бэлтгэгдэж байгаа хүмүүс бол нар та нар” гэж хэлж байсан. Тэр үг надад их урам хайрласан даа. Үнэхээр амьдралаар бэлтгэгддэг юм байна гэдгийг ажил, амьдралын энэ он жилүүдэд би өөрийн биеэр мэдэрсэн. Хүссэн, хүсээгүй энэ цоохор цаастай олон жил зууралдаж, өөрийн оюун ухаан, хүч чармайлтаа энэ байгууллага багшийн эрхэм үйлст зарцуулж байгаа хүн дээ. Өөрийн оюун ухаан, хүч чармайлтаа энэ байгууллага, багшийн эрхэм үйлст зарцуулж байгаа хүн дээ. Миний номонд санаанаасаа зохиосон худлаа хийрхсэн зүйл огтхон ч байхгүй бүгд болсон явдал, баримт жишээнд тулгуурлан бичсэн байдаг юм. Хурандаа А.Лхагваа багштай цөөн хором ийн ярилцсан юм. Өөрийнх нь зааж зурж өгснөөр зарим мэдээллийг номноос нь дэлгэрүүлж бичлээ. Учир нь ярих тэнхээ тун бага байсан ч өөрийн бичсэн ном товхимолоо бүгдийг дэлгээд хүлээж байсан тэр дүр төрх сэтгэлд тодхон байна.
Тэрээр хууль зүйн доктор Д.Таванжинд өгсөн ярилцлагадаа: Хүний амьдралын богинохон хугацаанд хамгийн эрхэмлэх зүйл юу вэ гэсэн асуултад -Хүний насыг дэлхийнхтэй зүйрлэх аваас тэр нь зөвхөн нүд ирмэхтэй адил гэдэг. Ингээд бодохоор хүн зуугаар наслахгүй замбуулин хорвоод үдлээд буцахын цагт сэтгэл хангалуун байхын тулд сурч, ажиллахад бие сэтгэлээ харамгүй зориулах ёстой байх. Хүн ямар ч эр чадал, эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй байж болох авч, гагцхүү хүнээрээ үлдэх нь юу юунаас эрхэм чухал гэж бодож явдаг хэмээн хэлсэн нь хурандаа А.Лхагваа багшийн бидэнд хэлж үлдээсэн гэрээслэл мэт бодогдоно.
Цагдаагийн дэд хурандаа Б.Төгсжаргал