Дотоод хэргийн их сургуулийн “Эмерит профессор”, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн доктор, профессор, хурандаа А.Лхагваа агсны нэрэмжит “Оюуны индэр-2026” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2026.11.20/ “Хоригдлыг нийгэмшүүлэх ажлын орчин үеийн чиг хандлага: онол, арга зүй, практик” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү хурал нь доктор, профессор А.Лхагваа агсны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, бүтээл, өв санг олон нийтэд таниулж сурталчлахын зэрэгцээ судлаач, сонсогч, оюутнуудын оролцоог дэмжих, хорих байгууллагын нийгмийн ажлын хөгжил, хоригдлыг нийгэмшүүлэх үйл ажиллагааны онол, арга зүй, практикийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцэх зорилготой юм.
Хурлыг нээж Сургалт, судалгааны 403 дугаар анги–Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимийн профессор, доктор, дэд профессор, дэд хурандаа Б.Галбадрах үг хэлсэн юм. Тэрээр: Доктор, профессор, хурандаа А.Лхагваа агсны эрдэм судлалын үйл хэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын салбар болон Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын хөгжилд оруулсан хувь нэмэр, үе үеийн судлаач, мэргэжилтнүүдийг бэлтгэн төлөвшүүлэхэд гүйцэтгэсэн үүргийг онцолсон юм.
Хурлын нээлтэд А.Лхагваа агсны үр хүүхдүүдийг төлөөлж охин Л.Цэдэв оролцон үг хэлж, аавынхаа эрдэм судлалын өв, үйл хэргийг мөнхжүүлэх, залуу хойч үед сурталчлан таниулах зорилгоор “Оюунлаг сан” байгуулсан талаар танилцууллаа. Тус сан нь доктор, профессор А.Лхагваа агсны эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, оюуны өвийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ судлаач, сонсогч, оюутнуудын эрдэм шинжилгээний оролцоо, бүтээлч санаачилгыг дэмжихэд чиглэж байна.