Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимээс 15 дахь жилдээ уламжлал болгон сонсогч, суралцагчдын дунд центавр тэмцээн зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнийг Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Нүүдэлчдийн соёл, сэтгэлгээг таниулах, судлах, сурталчлах, үндэсний өв соёлоос суралцуулах зорилготойгоор “Центавр-2026: Нүүдэлчдийн соёл-уламжлал" сэдвийн хүрээнд явуулав.
Тэмцээнийг Нийгмийн ухааны тэнхимийн профессор, доктор (Ph.D), цагдаагийн хошууч А.Баярцэцэг нээж, уг тэмцээний зорилго, ач холбогдол, үр дүнгийн талаар танилцуулж амжилт хүсэв.
Энэ удаагийн тэмцээнийг гурван үе шаттайгаар зохион байгуулж, сонсогч, суралцагчдад нүүдэлчдийн соёл, уламжлалт сэтгэлгээг таниулан, үндэсний өвийг судалж өвлөх сонирхлыг төрүүллээ. Шинжлэх ухааны мэдлэгийг үндэсний үнэт өвтэй хослуулснаар залуучуудын түүх, соёлын боловсролыг дээшлүүлэхэд ач холбогдолтой тэмцээн боллоо.
Тэмцээнд Дотоод хэргийн их сургуулийн бүх бүрэлдэхүүн сургуулиудын 1 дүгээр дамжаанаас нийт 26 баг оролцож, тэргүүн байранд Хилийн албаны сургуулийн 414 дүгээр дамжааны “Учиртай гурван толгой” баг, дэд байранд Цагдаагийн сургуулийн 318 дугаар дамжааны “Чингисийн овог” баг, гутгаар байранд Цагдаагийн сургуулийн 319 дүгээр дамжааны “Цойлогчид” баг авхаалж самбаа, ур чадвар, танин мэдэхүйн мэдлэгээрээ манлайлж шалгарлаа.
Хууль зүйн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Ж.Нямдулам тэмцээний хаалтын үг хэлж, тэргүүлсэн баг, оролцогчдод шагнал гардуулав.