Сургалтын газрын Гадаад хэлний институтээс “Гадаад хэлийг бие даан суралцахад хиймэл оюун ухааны нөлөөлөл” сэдэвт олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2026.11.20/ зохион байгууллаа.
Тус хурал нь гадаад хэлийг хиймэл оюун ухааны тусламжтай бие даан суралцах боломж, үр нөлөө, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг судлах, оюутан, суралцагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, олон улсын түвшинд мэдлэг, туршлага солилцох зорилготой.
Хуралд Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуулиудын оюутан, судлаачид оролцож, судалгааны ажлын үр дүнгээ танилцууллаа.
Энэ удаагийн хурлаар хиймэл оюун ухаанд суурилсан технологи ашиглан дуудлагаа сайжруулах арга, EF EFEKTA платформын англи хэлний бие даасан сургалтад үзүүлэх үр нөлөө, IELTS, TOEFL iBT болон Duolingo English Test-ийн бэлтгэлд хиймэл оюун ухаан ашиглах боломж, ChatGPT-ийн хэлний сургалтад гүйцэтгэх үүрэг, оюутнуудын хиймэл оюун ухааны хэрэглээ болон суралцахуйн үр дүн зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал нь суралцагчдын судалгааны арга зүй, шүүмжлэлт сэтгэлгээ, гадаад хэлээр эрдэм шинжилгээний бүтээл туурвих, илтгэх чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.
