Дотоод хэргийн их сургууль, Шүүх шинжилгээний ерөнхий газар хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шинжлэн магадлахуйн орчин үеийн асуудал-2026” сэдэвт 13 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулаа. Энэхүү хуралд Шүүх шинжилгээний чиглэлээр тодорхой чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн албадаас 30 гаруй илтгэл ирүүлснээс шилдэг 8 илтгэлийг шалгаруулж хэлэлцүүлсэн юм.
Хурлын үеэр ДХИС-ийн Шинжлэн магадлах ухааны сургуулийн Криминалистикийн шинжилгээний тэнхимийн багш, цагдаагийн ахмад Б.Сумъяабазар “Криминалистикийн шинжээч мэргэжилтэн бэлтгэх сургалтын үнэлгээнд рубрик аргачлалыг хэрэгжүүлсэн үр дүн, боловсронгуй болгох асуудал”, тус сургуулийн Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Энх-Онон “Хууль сахиулах байгууллагын шинэчлэл дэх шүүх шинжилгээ, мэдээллийн технологийн хөгжил: Узбекистан Улсын туршлага ба Монгол Улсад нэвтрүүлэх боломж”, ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн ЦЭЗТ-ийн багш, цагдаагийн ахлах дэслэгч А.Шинэжил “Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчийн баталгаа, тулгамдсан асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.
Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Бат-Эрдэнэ “Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчийн мэргэжлийн байдал, шалгуур үзүүлэлт”, тус газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын шинжээч Д.Пүрэвсүрэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шинжээчийн дүгнэлтийн арга зүй: Ослын шалтгаан тогтоох аргуудын харьцуулалт, үе шаттай загвар, түүний практик хэрэглээ”, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Өгөгдлийн ухааны магистрант Т.Түвшинсайхан “Давхардсан латент хурууны хээг маскны мэдээлэлд тулгуурласан хоёр шатлалт гүн сургалтын аргаар салгах нь”, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч М.Эрдэнэжаргал “Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчдын ажил, ар гэрийн амьдралын тэнцвэр, түүнд нөлөөлөх хүчин зүйл”, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн техникийн ухааны магистр Л.Бямбаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шүүх шинжилгээний тулгамдсан асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид илтгэгчдээс Шүүх шинжилгээний байгууллагын хүний нөөц, алба хаагчдын нийгмийн баталгаа, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн аюулгүй байдал, шинжилгээний арга зүй, дэвшилтэт технологийн хэрэглээ зэрэг салбарын хөгжлийн чухал асуудлаар асуулт, санал дэвшүүлж, харилцан санал солилцлоо. Ийнхүү онол, арга зүй болон практик хэрэглээг уялдуулсан, салбарын цаашдын хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаас гарсан зөвлөмжийг оролцогч байгууллагуудад хүргүүлж, шүүх шинжилгээний үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухаан, техник технологийн ололтыг практикт нэвтрүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаар төлөвлөж байна.