Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ жил “Цагдаагийн байгууллагын хэтийн чиг хандлага” сэдвийн хүрээнд өнөөдөр 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, АНУ, БНСВУ, БНСУ, БНУУ, Австрали, Бүгд Найрамдах Өмнөд Осет, Сомали, Никарагуа, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг Конг болон Монгол Улсын нийт 80 гаруй эрдэмтэн, судлаач эрдэм шинжилгээний илтгэлээ ирүүлсэн байна.
Энэ удаагийн хурлын онцлог нь гадаад улсаас 30 эрдэмтэн, судлаач илтгэл ирүүлснээс Өмнөд Осет, Сомали, Никарагуа улсаас анх удаа оролцож байна.
Хурлаар технологи, хиймэл оюун ухааны хурдацтай хөгжлийн эрин үед цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тулгарч буй сорилт, боломж, шинэлэг арга барил, олон улсын туршлагыг харилцан хэлэлцэж, цагдаагийн байгууллагын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, судалгаа, инновацад суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэх сэдвээр санал бодол, мэдлэг, туршлагаа солилцлоо.
Ялангуяа манай улсын Цагдаагийн байгууллагад тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход гадаад улсын сайн туршлага нэвтрүүлэх, хүний эрх, эрх чөлөө, иргэдийн амар тайван аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон улсын чиг хандлагын талаар Дотоод хэргийн их сургуулийн болон ЦЕГ-ын удирдлагын зүгээс байр сууриа илэрхийлж, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.