ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА З.СҮЛД: ЗЭРЛЭГ АН АМЬТДЫГ ХАМГААЛАХ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОЛОЛТЫГ АШИГЛАХ АСУУДЛЫГ ХӨНДСӨНӨӨРӨӨ ОНЦЛОГТОЙ

Огноо: 2026-11-20
ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА З.СҮЛД: ЗЭРЛЭГ АН АМЬТДЫГ ХАМГААЛАХ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОЛОЛТЫГ АШИГЛАХ АСУУДЛЫГ ХӨНДСӨНӨӨРӨӨ ОНЦЛОГТОЙ
ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА З.СҮЛД: ЗЭРЛЭГ АН АМЬТДЫГ ХАМГААЛАХ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОЛОЛТЫГ АШИГЛАХ АСУУДЛЫГ ХӨНДСӨНӨӨРӨӨ ОНЦЛОГТОЙ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Фужянь мужийн Шямэнь хотод болсон Азийн Шүүх шинжилгээний холбоо (AFSN)-ны 18 дахь удаагийн чуулга уулзалт, симпозиумд Криминалистик, Шүүх анагаах ухааны шинжилгээний газар болон Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн алба хаагчид 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 06-ны өдрүүдэд оролцоод ирсэн юм.  "Томилолт" буландаа энэхүү чуулга уулзалтад амжилттай оролцоод ирсэн Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлах ухааны сургуулийн Криминалистикийн шинжилгээний тэнхимийн профессор, доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа З.Сүлдтэй ярилцлаа.

-Таны хувьд Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Д.Дашзэвэгтэй хамтран   “Зэрлэг ан амьтдыг зайнаас тандан судлах замаар хууль бусаар агнахаас урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд ханан илтгэл танилцуулаад ирсэн. Энэ тухайгаа ярина уу?

-Тийм ээ, би Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Д.Дашзэвэгтэй хамтран “Зэрлэг ан амьтдыг зайнаас тандан судлах замаар хууль бусаар агнахаас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр ханан илтгэл (Poster Presentation) БНХАУ-ын Фужянь мужийн Шямэнь хотод болсон AFSN (Asian Forensic Sciences Network)-ийн 18 дахь удаагийн чуулга уулзалтад оролцох үеэрээ танилцуулсан.

Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нэг хэлбэр болох зэрлэг ан амьтдыг хууль бусаар агнах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд орчин үеийн дэвшилтэт технологи, тэр дундаа зайнаас тандан судлах аргыг ашиглах боломжийг судалж, криминалистикийн шинжилгээний практикт нэвтрүүлэх арга зүйн үндэслэлийг тодорхойлоход чиглэсэн юм.

Бид судалгаагаа Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн практик туршлага, шинжлэх ухааны судалгааны үр дүн болон олон улсын чиг хандлагад тулгуурлан боловсруулсан.

Энэхүү сэдэв нь зэрлэг ан амьтдыг хамгаалах, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд шинжлэх ухаан, технологийн ололтыг ашиглах асуудлыг хөндсөнөөрөө онцлог байлаа. Илтгэлийг олон улсын судлаач, мэргэжилтнүүд сонирхон хүлээн авч, санал бодлоо солилцсон нь бидний хувьд ихээхэн ач холбогдолтой, үр өгөөжтэй туршлага болсон.

-Энэхүү судалгааны ажлын ач холбогдол юу вэ?

-Энэхүү судалгааны ажлын гол ач холбогдол нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, тэр дундаа зэрлэг ан амьтдыг хууль бусаар агнах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэй, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан арга, шийдлийг нэвтрүүлэх боломжийг тодорхойлж байгаад оршино. Тодруулбал, дараах үндсэн ач холбогдолтой гэж үзэж байна. Үүнд:

Нэгдүгээрт, хууль бус ан агнууртай холбоотой гэмт хэргийг илрүүлэх, хэргийн газрын нөхцөл байдлыг тогтоох, ул мөрийг илрүүлж, шинжлэн судлах криминалистикийн арга зүйг боловсронгуй болгох боломжийг бүрдүүлнэ.

Хоёрдугаарт, зайнаас тандан судлах технологи болон хиймэл оюун ухааны дэвшилтэт арга, хэрэгслийг хослуулан ашигласнаар хууль бус ан агнуурын эрсдэл, үйл ажиллагааг эрт илрүүлэх, хяналт тавих, урьдчилан сэргийлэх боломжийг нэмэгдүүлнэ.

Гуравдугаарт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд криминалистикийн шинжлэх ухааны оролцоо, хэрэглээг өргөжүүлж, шинжилгээний байгууллагын үйл ажиллагаанд орчин үеийн технологийг нэвтрүүлэх судалгаа, арга зүйн үндэс суурийг тавина.

Дөрөвдүгээрт, Монгол Улсад байгаль хамгаалал, криминалистикийн чиглэлээр хийгдэж буй судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг олон улсын эрдэм шинжилгээний түвшинд танилцуулах, гадаадын эрдэмтэн, судлаачидтай мэдлэг, туршлага солилцох боломжийг өргөжүүлж байгаагаараа онцлог юм.

-Чуулга уулзалтын хүрээнд өөр ямар онцлог үйл ажиллагаа зохион байгуулсан бэ?

-Чуулга уулзалтын хүрээнд Азийн улс орнуудын шүүх шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн дэвшил, лабораторийн шинэ ололт амжилт, криминалистикийн төрөл бүрийн чиглэлээр хийгдэж буй судалгаа, шинжилгээний үр дүнг танилцуулж, хэлэлцсэн олон сонирхолтой илтгэл, эрдэм шинжилгээний хэлэлцүүлгүүд зохион байгуулсан.

-Судлаачийн хувьд энэхүү чуулга уулзалтын үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ удаагийн чуулга уулзалтыг мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, олон улсын шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагатай танилцах, туршлага солилцох өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна.

Мөн дэлхийн улс орнуудад шүүх шинжилгээний салбарт нэвтэрч буй орчин үеийн дэвшилтэт технологи, шинэ арга зүй, судалгааны чиг хандлагатай танилцсан нь цаашдын судалгаа, шинжилгээний ажлынхаа цар хүрээг өргөжүүлэх, практикт нэвтрүүлэх шинэ санаа, боломжийг эрэлхийлэхэд үнэтэй түлхэц болсон.

Хамгийн гол нь бид зөвхөн бусдын туршлагаас суралцаад зогсохгүй, өөрсдийн хийж хэрэгжүүлж буй ажил, судалгааны үр дүнг олон улсын түвшинд танилцуулж, санал бодлоо солилцож чадсан нь энэ удаагийн чуулга уулзалтын хамгийн үнэ цэнтэй үр дүн гэж бодож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook