-Юуны өмнө тэргүүний эрдэм шинжилгээний ажилтнаар шалгарсанд тань баяр хүргэе. 2026 он судлаачийн хувьд ямар ололт амжилттай жил байсан бэ. Онцлох ажлуудаасаа ярина уу?

-Талархаж байна. Миний бие 2026 онд ажил, үүргийн хуваарийн дагуу олон чиглэлд нэгэн зэрэг судалгаа хийсэн. Тэр бүрээс заримыг онцолбол, “Хууль сахиулах үйл ажиллагаа: Онол, практик” нэг сэдэвт бүтээлийг хамтран зүтгэгчдийнхээ хөдөлмөрийн үр дүнд эцэслэн боловсруулсан. Мөн Авлигатай тэмцэх газрын түүхт 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан “Авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааны шинэчлэл” сэдэвт шинжлэх ухааны бүтээлийн уралдаанд хамтран зүтгэгч, цагдаагийн хошууч В.Номинчулууны хамтаар оролцож, авлигын гэмт хэргийн эдийн засгийн болон экологийн аюулгүй байдалд нөлөөлөх институцийн хамаарлыг судалсан. Түүнчлэн Оксфордын их сургуулийн “Policing: A Journal of Policy and Practice” нэртэй (Web of Science and Scopus-д бүртгэлтэй) сэтгүүлийн редакцад өгүүлэл илгээж, хоёр дахь засварыг амжилттай гүйцэтгээд байна.

-Та уншигчдад ажиллах арга барил, баримталдаг зарчмынхаа талаар товч тайлбарлана уу?

-Миний бие Их сургуулийнхаа бүрэлдэхүүнд багтан ажилласан үеэс эхлээд бусад эрдэмтэдтэй хамтарч судалгаа хийх арга барилыг чухалчилж ирсэн. Учир нь бусадтай хамтарч ажилласнаар өөрийн болон хамтрагчдынхаа мэдлэг, чадварыг ахиулах, нэг зүйлийг олон талаас харж, цараатай сэтгэх, ажлын гүйцэтгэлийг урт хугацаанд, өндөр түвшинд барьж, бие биеэсээ суралцах боломж олгодог сайн талтай. Өөрт минь үзүүлсэн итгэлийг хөсөрдүүлэхгүй байх, эхлүүлсэн ажлын эцсийг үзэх зарчим баримталдаг.

-Өмнөх жилүүдэд та “Тэргүүний залуу судлаач” ба “Тэргүүний судлаач багш” шалгаруулах уралдаануудад түрүүлж байжээ. Энэ жил “Тэргүүний эрдэм шинжилгээний ажилтан”-аар тодроод байна. Эдгээр шагналуудыг хүртэхэд тань хамгийн гол түлхэц үзүүлсэн зүйл юу байсан бэ?

-Миний хувьд хамгийн гол түлхэц болсон зүйл бол хийж буй зүйлдээ эзэн байхыг хичээдэг хандлага юм. Судлаач хүн мэддэг зүйлээрээ хязгаарлагдахгүйгээр, мэдэхгүй зүйлээ танин мэдэх, аливаа үзэгдлийн шинж чанар, мөн чанар, амин чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлахыг үргэлж эрмэлзэх ёстой гэж боддог.

Мөн судалгааны ажлын үнэ цэн зөвхөн хэвлүүлсэн бүтээл, хүртсэн шагналаар бус, тухайн судалгааны үр дүн бодит амьдрал, нийгмийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж байгаагаар хэмжигдэх учиртай. Энэ зарчмыг баримталж ажиллахыг тун чиг хичээдэг. Мэдээж хамтран зүтгэгчдийн дэмжлэг, хамтын ажиллагаа нь бидний амжилтын салшгүй хэсэг. Харин эдгээр шагнал бол миний хувьд хүрсэн оргил гэхээсээ илүү цаашид улам сайн ажиллах хариуцлага, урам зориг гэж ойлгодог.

Нэг зүйлийг онцлон хэлэхэд, миний амьдрал, эрдэм судлалын замналд гүн мөрөө үлдээсэн нэгэн эрхэм хүн бий. Тэр бол хувь заяаны ерөөлөөр учран золгосон, ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Санкт-Петербургийн их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, ОХУ-ын гавьяат хуульч, шинжлэх ухааны доктор, профессор, хурандаа М.В.Бавсун багш минь юм. Эрдэм мэдлэгээс гадна судлаач хүний үзэл бодол, хандлага, үнэт зүйл, эрдмийн замд тууштай байх ухааныг надад үлгэрлэсэн эрхэм багшдаа үргэлж талархаж явдаг.

-Та одоо ямар судалгаа, ном бүтээлдээ анхаарч байна вэ?

-Бид одоогийн байдлаар дээр дурдсан нэг сэдэвт бүтээлийн хоёрдугаар боть болох “Хууль сахиулагчийн эрх зүйн хариуцлага: Онол, тогтолцоо, хэрэгжилт” болон “Гэмт явдлын хувьсал ба хиймэл оюуны эрин үеийн сорилт” гэсэн нэг сэдэвт бүтээлүүдэд голчлон анхаарч, судалгаа, шинжилгээг энэ зүгт чиглүүлэн ажиллаж байна.