ЦАГДААГИЙН ХОШУУЧ Ц.НАНДИНЦЭЦЭГ: ХИЙМЭЛ ОЮУН УХААН ТУСАЛНА, ХАРИУЦЛАГЫГ ШИНЖЭЭЧ ХҮЛЭЭНЭ

Огноо: 2026-11-24
ЦАГДААГИЙН ХОШУУЧ Ц.НАНДИНЦЭЦЭГ: ХИЙМЭЛ ОЮУН УХААН ТУСАЛНА, ХАРИУЦЛАГЫГ ШИНЖЭЭЧ ХҮЛЭЭНЭ
"Томилолт" буландаа Сөүл хотноо болсон “CSI KOREA 2026” олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж ирсэн Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлах ухааны сургуулийн ахлах багш, цагдаагийн хошууч Ц.Нандинцэцэгтэй ярилцлаа.

-Азийн шүүх шинжилгээний хамгийн том хуралд илтгэл тавьжээ. Энэ талаараа ярина уу?

-Богино ч үр дүнтэй томилолт боллоо. Олон улсын эрдэмтдийн өмнө Монгол Улс, их сургуулиа төлөөлж илтгэл тавих нь хариуцлагатай ажил байсан.

-Илтгэл тань юуны тухай байсан бэ?

-Илтгэлийн маань сэдэв “Шүүх сэтгэцийн эмгэг судлал дахь орчуулгад тулгарч буй хүндрэл: Хиймэл оюун ухаан, эмнэл зүйн үнэлгээ ба Монгол Улсын хууль зүйн хоёртын ангилал”.

Эмч хүний сэтгэцийн байдлыг олон түвшнээр үнэлдэг. Харин хууль “хариуцлага хүлээх чадвартай юу, үгүй юу” гэсэн хоёр хариултын аль нэгийг шаарддаг. Шинжээч эмнэлгийн дүгнэлтээ хуулийн энэ хэл рүү “орчуулах” ёстой бөгөөд хүндрэл тэнд гардаг.

Хиймэл оюун ухаан үүнд хэрхэн тусалж болох, ямар эрсдэлтэйг авч үзсэн. Эрсдэл нь өгөгдлийн хэвшмэл хандлага, дүгнэлт ойлгомжгүй байх, хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал юм.

-Чухал сэдэв хөндсөн байна. Оролцогчид хэрхэн хүлээж авав?

-Энэ асуудал олон оронд тулгардаг тул оролцогчид сонирхон асууж, туршлагаа хуваалцсан. Хиймэл оюун ухааныг ашиглахдаа хариуцлагын хил хязгаарыг тодорхой тогтоох ёстой гэдэг дээр санал нэг байлаа.

-Хурлын онцлог, оролцоо ямар байв?

-Энэ жилийн хурал “Хиймэл оюун ухааны эрин үе: Шүүх шинжээчийн үнэ цэн ба үүрэг” сэдвээр болсон. Хурлыг Солонгосын Ерөнхий сайд видео мэндчилгээгээр нээж, хиймэл оюун ухааны ёс зүйн шинжээч Кансу Жанжа (Cansu Canca) үндсэн илтгэл тавьсан. Солонгос, Япон, Итали, Унгар, Сингапур, Монгол, Индонез, Эквадор зэрэг 8 гаруй орны судлаачид, мөн Интерпол, IAI, AFSN-ий төлөөлөл оролцож, 30 гаруй илтгэл хэлэлцүүлсэн.

-Хурлын үр дүнг хэрхэн дүгнэж байна?

-Олон улсын байгууллага, гадны судлаачидтай танилцаж, санал солилцсон нь үнэ цэнтэй туршлага боллоо. Энэ нь их сургуулийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжилгээнд хиймэл оюун ухаан нэвтрүүлэх туршлага судлахад чухал ач холбогдолтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.141)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook