-Тэргүүний залуу судлаачаар шалгарсанд тань баяр хүргэе. Өнгөрсөн хичээлийн жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудаа тоймлон танилцуулаач. Таныг шилдгээр шалгарахад юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

-Баярлалаа. Юуны өмнө миний судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үнэлж, “Тэргүүний залуу судлаач”-аар шалгаруулсанд талархаж байна.

2025-2026 оны хичээлийн жил миний мэргэжлийн ур чадвар, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд үр бүтээлтэй жил байлаа. ОХУ-ын таван их, дээд сургуулиас зохион байгуулсан олон улсын 6, дотоодод болсон үндэсний хэмжээний 3, нийт 9 эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн. Мөн дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд 8, олон улсын болон үндэсний хурлын эмхэтгэлд 3, нийт 11 өгүүлэл нийтлүүлсэн. Судалгааны 5 ажилд багийн гишүүнээр оролцсоны 2 нь Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгат судалгаа байлаа. Түүнчлэн 4 хуулийн төсөлд санал боловсруулсан. Бакалаврын 2 дипломын ажил удирдаж, 3 ажилд шүүмж бичсэн бөгөөд олон улсын 1, дотоодын 4 хуралд сонсогчдын илтгэлийг удирдан хэлэлцүүлсэн.

Миний бодлоор энэхүү шалгаруулалтад нөлөөлсөн гол зүйл нь нэг удаагийн амжилт гэхээсээ илүүтэй судалгааны ажлаа тасралтгүй үргэлжлүүлж, мэргэшсэн чиглэлээрээ тууштай ажилласан явдал болов уу. Эрдэм шинжилгээний ажлын үр дүн гэнэт бий болдоггүй. Асуудлыг олон талаас нь судлах, шийдэл эрэлхийлэх, баримт мэдээллийг нягтлах, уншсан зүйлээ эргэцүүлэн дүгнэх зэрэг өдөр тутмын, заримдаа бусдад төдийлөн анзаарагддаггүй олон жижиг хөдөлмөрөөс бүрддэг. Тиймээс энэ үнэлгээг зөвхөн нэг жилийн ажлаар бус, өмнөх жилүүдэд хуримтлуулсан мэдлэг, туршлага, хөдөлмөрийн маань үргэлжлэл гэж хүлээн авч байна.

-Таны судалгааны ажлын гол арга барил, арга зүй юу вэ?

-Миний хувьд судалгаа хийхдээ юуны өмнө тухайн асуудлаа сайтар ойлгож, холбогдох хууль тогтоомж, ном бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны материалуудыг нухацтай уншиж судлахыг чухалчилдаг.

Эрүүгийн эрх зүй, криминологийн чиглэлээр судалгаа хийдэг учраас судалж буй асуудлын онцлогоос хамааран өөр өөр арга зүй ашигладаг. Тухайлбал, эрүүгийн эрх зүйн зохицуулалтыг судлахдаа түүний түүхэн хөгжил, бусад улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулан шинжилдэг. Харин гэмт явдлын асуудлыг судлахдаа статистик тоо баримт, түүний өсөлт, бууралт, бүтэц, өөрчлөлтийн чиг хандлагад тулгуурлахыг илүүд үздэг.

Мөн Монголын судлаачдын бүтээлээс гадна ОХУ болон бусад улсын эрдэмтдийн ном, бүтээл, өгүүлэл, судалгааны материалуудыг тогтмол уншиж судалдаг. Орос хэлний мэдлэг маань энэ тал дээр ихээхэн давуу тал болдог. Мэргэжлийн бүтээлийг эх хэлээр нь уншиж, агуулга, нэр томьёо, үзэл баримтлалыг нь шууд ойлгох боломжтой учраас судалж буй асуудлаа илүү өргөн хүрээнд авч үзэж, бусад улсын судалгааны үр дүнтэй харьцуулан дүгнэхэд дөхөмтэй байдаг.

Ер нь миний баримталдаг гол зарчим бол аливаа асуудалд яаран дүгнэлт хийхгүй байх. Эхлээд уншиж судлах, эх сурвалжуудаа нягтлах, баримтаа харьцуулах, дараа нь өөрийн байр сууриа тодорхойлохыг хичээдэг. Учир нь судалгаа гэдэг зөвхөн мэдээлэл цуглуулах үйл явц биш, харин цуглуулсан мэдээллээ шинжлэн ойлгож, үндэслэлтэй дүгнэлтэд хүрэх үйл явц юм.

-Шинэ судалгааны санаа гардаг мөч, түүнийгээ “судалгааны ажил” болгох процесс тань ямар байдаг вэ?

-Судалгааны шинэ санаа ихэвчлэн мэргэжлийн үйл ажиллагаа, сургалтын явц, хууль тогтоомжийн зохицуулалт болон практикт тулгамдаж буй асуудлуудтай танилцах үед төрдөг. Ялангуяа эрүүгийн эрх зүй, криминологийн судлагдахуун нийгмийн амьдралтай салшгүй холбоотой учраас гэмт хэргийн шинэ хэлбэр, үйлдлийн арга, нийгмийн өөрчлөлт, эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудлууд судалгааны шинэ санааны эхлэл болдог.

Тухайн санааг судалгааны ажил болгохын тулд юуны өмнө энэ асуудлыг өмнө нь хэрхэн судалсан, ямар үзэл баримтлал, дүгнэлтүүд гарсан, харин одоо ямар асуудлыг нарийвчлан судлах шаардлагатай байгааг тодруулдаг. Үүний дараа судалгааны зорилго, зорилт, арга зүйгээ тодорхойлж, холбогдох эх сурвалжаа цуглуулан шинжилгээ хийдэг.

Судалгааны ажлын хамгийн их цаг шаарддаг хэсэг нь заримдаа бичихээсээ илүү унших, харьцуулах, нягтлах байдаг. Нэг асуудлыг ойлгочихлоо гэж бодсон ч өөр нэг эх сурвалжтай танилцахад өмнөх ойлголтоо дахин эргэцүүлж, зарим тохиолдолд байр сууриа өөрчлөх шаардлага ч гардаг. Мөн судалгааны санаа, дүгнэлтээ бусад эрдэмтэн, судлаач, багш нартай хуваалцаж, хэлэлцүүлэн, санал шүүмжийг нь сонсохыг чухалчилдаг.

Учир нь судалгаа гэдэг өөрийн үзэл бодлыг батлахын төлөөх ажил биш, харин бодит баримт, шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан үнэнийг эрэлхийлэх үйл явц гэж боддог.

-Дотоод хэргийн их сургуультай ажил, амьдралаа холбосон түүхээ хуваалцана уу.

-Миний Дотоод хэргийн их сургуультай холбогдсон түүх 2010 онд Цагдаагийн академид элсэн орсноор эхэлдэг. Оюутан болсон тэр үеэс л миний амьдралын замнал энэ сургуультай салшгүй холбогдсон гэж хэлж болно.

Эхний жилдээ амжилттай суралцаж, ОХУ-д суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтад тэнцсэнээр хоёрдугаар курсээсээ тухайн үеийн Гадаад хэлний факультетад курсийнхээ шилдэг, нэгэн зорилго, хүсэл мөрөөдөлтэй оюутнуудын хамт бүтэн жилийн хугацаанд орос хэлний бэлтгэлд суралцсан юм.

Биднийг орос хэлний өндөр мэдлэг, заах арга барилаараа үлгэр дуурайл болсон О.Нарантуяа багш маань удирдан сургаж байлаа. Багш маань бидэнд орос хэлийг анхан шатнаас нь эхлэн зааж, хэлний дүрэм, мэргэжлийн үг хэллэг, хууль зүйн нэр томьёог нарийн эзэмшүүлсэн. Өдөр бүр эрчимтэй бэлтгэл хийж, сурсан зүйлээ дахин дахин давтдаг байсан нь одоо ч тодхон санагддаг.

Багшийн маань хичээл зүтгэл, бидэнд тавьсан өндөр шаардлагын үр дүнд ОХУ-д суралцах шалгалтад тэнцэж, Екатеринбург хотын Уралын хууль зүйн институтэд суралцах боломжтой болсон. Тэнд суралцаж байхдаа орос хэлний дүрэм, мэргэжлийн нэр томьёоны мэдлэг маань нэлээд сайн түвшинд хүрснийг мэдэрч байлаа. Эргээд бодоход тэрхүү амжилтын цаана бидэнд цаг заваа харамгүй зориулж, мэдлэг чадвараа өвлүүлсэн багшийн минь хөдөлмөр байсан. Тиймээс О.Нарантуяа багшдаа одоо ч чин сэтгэлээсээ талархаж явдаг.

Тухайн үеийн хэлний бэлтгэл надад зөвхөн гадаад хэлний мэдлэг олгоод зогсохгүй аливаа зорилгод хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөж, өөрийгөө дайчилж, суралцах хүсэл эрмэлзэлтэй байх нь ямар үнэ цэнтэйг ойлгуулсан юм.

Их сургуулиа төгсөөд эх орондоо ирэхдээ төрөлх сургуульдаа багшлах гэрээтэй байсан анхны төгсөгч нь байлаа. Гэвч оюутны ширээнээс багшийн ширээнд шилжинэ гэдэг амаргүй санагдаж, “Өчигдөрхөн оюутан байсан би өнөөдөр хэнд, юу зааж чадах билээ?” хэмээн өөрөөсөө асууж, багшлах ажлаас багагүй эмээж байснаа нуух юун.

Сургалтын гэрээний хэрэгжилтийг дүгнэх явцад тухайн үед Их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа Бө.Бат-Эрдэнэ багштай энэ асуудлаар ярилцсан юм. Улмаар Их сургуулийн удирдлагууд миний нөхцөл байдлыг харгалзан үзэж, Цагдаагийн ерөнхий газартай сэлгэн ажиллуулах гэрээ байгуулсан. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт мөрдөгчөөр гурван жил ажилласан. Энэ хугацаанд мөрдөн шалгах ажлын бодит орчин, практик туршлага хуримтлуулахын зэрэгцээ хэлтсийнхээ “Ажил мэргэжлийн шилдэг” алба хаагчаар шалгарч байлаа.

Харин 2021 оноос төрөлх сургуульдаа багшлах болсон. Нэгэн цагт өөрөө суралцаж байсан анги танхимдаа эргэн ирж, энэ удаа багшийн ширээний ард суух болсон нь миний хувьд онцгой мэдрэмж байв. Өмнө нь багш нараасаа мэдлэг авч, заавар зөвлөгөө сонсож суудаг байсан бол одоо тэр мэдлэг, туршлагаа дараагийн үеийн оюутан, сонсогчдод өвлүүлэх хариуцлагатай үүрэг хүлээсэн гэсэн үг.

Багшаар томилогдон ирэхэд намайг халуун дотноор хүлээн авч, багшлах болон судалгаа шинжилгээний ажилд чиглүүлэн сургаж, дэмжиж ирсэн Нийтийн эрх зүйн тэнхимийн болон Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн хамт олондоо үргэлж талархаж явдаг. Багш нарынхаа мэдлэг, туршлагаас суралцаж, судалгааны асуудлаар санал бодлоо солилцон ажиллах нь мэргэжлийн хувьд өсөж хөгжихөд минь ихээхэн дэмжлэг болдог.

Өнөөдөр эргээд харахад миний хувьд энэ сургууль бол зүгээр нэг төгссөн, ажилладаг байгууллага биш юм. Энд би оюутан болж төлөвшсөн, гадаад хэл сурч, мэргэжлээ эзэмшсэн, мөрдөгчөөр ажиллах туршлага хуримтлуулсан, эцэст нь багш, судлаачийн хувьд хөгжиж байна. Нэг үгээр хэлбэл, миний амьдралын олон чухал үе шат энэ сургуулийн түүхтэй холбогддог.

Төрөлх сургуульдаа багшилж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж, өөрийн мэдлэг, туршлагаа оюутан, сонсогчдод түгээж, салбарынхаа боловсон хүчнийг бэлтгэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж яваа нь миний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй их хариуцлага юм.

-Таны ажилдаа баримталдаг гол зарчим юу вэ?

-Хариуцлагатай, тууштай байж, хийж буй ажилдаа эзэн байхыг хамгийн чухал зарчим гэж боддог.

Багш хүний хувьд оюутан, сонсогчдод зөвхөн мэдлэг дамжуулах бус, бие даан суралцах, аливаа асуудлыг олон талаас нь эргэцүүлэн бодох, өөрийн гэсэн үндэслэлтэй байр суурьтай болоход нь чиглүүлэхийг хичээдэг. Харин судлаачийн хувьд бодит баримтад тулгуурлах, найдвартай эх сурвалж ашиглах, бусдын бүтээл, оюуны хөдөлмөрийг хүндэтгэхийг эрхэмлэдэг.

Миний бодлоор судлаач хүнд хамгийн чухал чанар бол тууштай байдал, уйгагүй хөдөлмөр юм. Судалгааны ажил үргэлж богино хугацаанд үр дүнгээ өгдөггүй. Заримдаа олон өдөр, сар, жилээр судалсан асуудлаа дахин нягталж, өмнөх дүгнэлтээ өөрчлөх шаардлага ч гардаг. Гэхдээ бэрхшээл тулгарлаа гээд орхих бус, эрэл хайгуулаа үргэлжлүүлж, эцсийг нь хүртэл судлах нь чухал.

Аливаа амжилт заавал бусдын нүдэнд ил харагдаж байх албагүй. Заримдаа чимээгүйхэн, өдөр бүр хийж буй хөдөлмөрийн үр дүн хожим тодорхой хугацааны дараа л харагддаг. Тиймээс би бусадтай өөрийгөө харьцуулахаас илүү өчигдрийн өөрөөсөө илүү байхыг хичээж ирсэн. Өнөөдрийн энэ амжилтыг тэрхүү хичээл зүтгэлийн маань нэгэн үр дүн гэж харж байна.

Эцэст нь, энэ амжилтад хүрэхэд үргэлж дэргэд минь байж, ар гэр, амьдралын минь түшиг тулгуур болж ирсэн ханьдаа, гэр бүлийнхэндээ мөн мэдлэг, туршлагаараа чиглүүлж, дэмжиж ирсэн доктор, дэд профессор Л.Бат-Очир багшаар ахлуулсан Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн хамт олондоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.

“Ганцаараа явбал хурдан, хамтдаа явбал хол явна” гэдэг. Хүний амжилтын ард өөрт нь итгэж, урам өгч, түшиж тулсан хүмүүс үргэлж байдаг. Миний хувьд ч энэ амжилт зөвхөн миний хөдөлмөрийн үр дүн биш, харин гэр бүл, багш нар, хамт олны минь дэмжлэг, итгэлийн үр шим юм.