“Энэ хичээлээр ямар мэдлэг олгодог вэ?” булангийн зочноор “Амьсгалын бие даасан төхөөрөмжийн ажиллагаа” хичээлийн багш, Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн ахлах багш, ахлах дэслэгч Э.Доржсумъяатай ярилцлаа.
-Та ямар хичээл заадаг вэ. Хичээлийнхээ үндсэн зорилго, агуулгыг товч танилцуулна уу.
-Би Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуульд “Амьсгалын бие даасан төхөөрөмжийн ажиллагаа” хичээл заадаг. Энэхүү хичээлийн зорилго нь сонсогч, суралцагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй гал түймэр, гамшиг ослын голомттод аюулгүй ажиллах, багаар хамтран ажиллах, тооцоолол хийх, төхөөрөмжийг шалгах, яаралтай үед хариу арга хэмжээ авах зэрэг аргазүйг судалдаг.
-Энэ хичээлээр суралцагчид ямар мэдлэг, ойлголт эзэмшдэг вэ?
Сонсогч, суралцагчид энэ хичээлийг судалснаар амьсгалын бие даасан төхөөрөмжийн бүтэц, ажиллагааны зарчим, шаардлагатай тооцоолол, аюулгүй ажиллагааны зарчим, хууль дүрэм гэх мэт амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллахад шаардлагатай бүх төрлийн цогц мэдлэг, ойлголтыг эзэмшдэг.
-Энэ хичээлийн гол онцлог юу вэ.
-Энэ хичээлийн онцлог бол бүх төрлийн гал түймэр, гамшиг ослын нөхцөлд ашиглагддаг төрөл бүрийн амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллаж сурах явдал юм. Онцгой байдлын байгууллагын хувьд энэ албатай ажил амьдралаа холбосон хүн бүр заавал сурсан байх ёстой чадвар юм. Яагаад гэвэл энэ төхөөрөмж нь гал түймэр унтраах, гамшиг ослын голомтод ажиллаж байгаа албан хаагч бүр ашигладгаараа онцлогтой.
Бусад хичээлээс ялгарах онцлог нь илүү практик, дадлага давамгайлдаг. Төхөөрөмжтэй ажиллаж, шалгаж, тооцоолол хийж биеэр мэдэрч байж илүү сайн суурь ойлголт ур чадварыг эзэмшдэг.
Хичээлийн хүрээнд багаар ажиллах, мэдээлэл цуглуулах, шийдвэр гаргах, тооцоолол хийх, дүн шинжилгээ хийх, үүрэг хариуцлага хүлээх чадвар гэх мэт олон чадварыг мөн хүний эрхийн мэдрэмжтэй байх гэсэн хандлагыг төлөвшүүлдэг.
-Энэ хичээл нь Дотоод хэргийн их сургуулийн суралцагчдын мэргэжлийн бэлтгэлд ямар ач холбогдолтой вэ. Эзэмшсэн мэдлэг, ур чадвар нь ирээдүйн ажил, албан үүргээ гүйцэтгэхэд хэрхэн хэрэг болох вэ?
-Сургалтаас олж авсан мэдлэг бүр практикт насан туршид нь хэрэглэгддэг. Миний өмнө нь хэлсэнчлэн тус амьсгалын бие даасан төхөөрөмжийг манай улсад тохилдож буй бүх төрлийн гал түймэр, гамшиг ослын нөхцөлд аврагч, гал сөнөөгчид унтраах болон аврах ажиллагааг түргэн шуурхай цаг алдалгүй зохион байгуулахын тулд өөрсдийн амьсгалын эрхтэн тогтолцоо, нүүр харах эрхтэн хамгаалахын тулд өдөр бүр ашигладаг.
-Энэ хичээлийг судлах гэж буй суралцагчдад та юу гэж зөвлөх вэ?
-Бэлтгэл сургалтыг тасралтгүй хийж, шинэ мэдлэг, мэдээллийг үргэлж эрэлхийлдэг байх хэрэгтэй. Технологи хөгжихийн хэрээр бидний хэрэглэж буй амьсгалын бие даасан төхөөрөмж илүү боловсронгуй болж шинэчлэгдэж сайжирч байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Шинэ мэдлэг, мэдээллийг эрэлхийлэгч, санаачлагч байж ул суурь үндсээр нь ойлгож суралцаарай.