20.00 цаг. Цагдаагийн академийн номын санд хичээлээ тараад харихаа мартсан сонсогчид цөөнгүй. Номын санч М.Дуламсүрэн хаалгаа барих цаг болсныг сануулахад нэг сонсогч бүр огт босох шинжгүй сууна.
-Шар чих минь харь. Би одоо явж амармаар байна.
-Тэгвэл та энэ номоо өгөөд явуулчих л даа.
Өнөөх сонсогч маргааш өглөө нь номын сан онгойхтой уралдаад авч явсан номоо авчраад өгөх аж. Энэ бол М.Дуламсүрэн эгчийн сэтгэлд тод үлдсэн дурсамжуудын нэг. Номын сангаас хөөгдөөд явдаггүй өнөөх “шар чих” бол Цагдаагийн сургуульд тэнхимийн эрхлэгч, Эрдэм шинжилгээний хүрээлэнд Аюулгүй байдал судлалын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан цагдаагийн дэд хурандаа Н.Манлайбаатар ажээ.
Хорь гаруй жилийн өмнөх энэ явдлыг М.Дуламсүрэн эгч өнөөдөр ч инээмсэглэн ярих аж. Тухайн үед орой болтол суух сонсогчдыг тараах амаргүй байсан ч одоо эргээд бодоход тэдний ном унших хүсэл, мэдлэгт тэмүүлэх хичээл зүтгэл нь хамгийн сайхан дурсамж болон үлджээ.
Номын санч хүний ажлыг ном олгож, буцаан авч, бүртгэл хөтлөх төдийхнөөр төсөөлөх нь бий. Харин М.Дуламсүрэн эгчтэй ярилцаж суухад энэ ажил хүний амьдрал, дотоод сэтгэлтэй ямар гүн холбогдож болдгийг ойлгосон юм. Түүний үйлчлүүлэгчдийн зарим нь өнөөдөр эрдэмтэн, багш, хууль сахиулах байгууллагын удирдах ажилтан болжээ. Тэдний амжилтад түүний хөдөлмөрийн өчүүхэн хэлтэрхий шингэсэн гэж бодохоор л ихэд бахархалтай санагддаг аж.
М.Дуламсүрэн эгч 1999 онд хөдөө орон нутгаас нийслэлд шилжин ирж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Цагдаагийн академид номын санч авах тухай сонсжээ. Хорооны Засаг даргынхаа зөвлөснөөр номын сангийн эрхлэгч, хошууч Д.Нямдаваатай уулзаж, улмаар 2000 оны нэгдүгээр сард номын санчаар томилогдсон байна.
Тэр үед М.Дуламсүрэн эгч номын санчийн мэргэжил эзэмшээгүй байв. Хөдөө аж ахуйн мал зүйч мэргэжилтэй, өмнө нь ахуй үйлчилгээний байгууллагад материалын тооцоологч, мастераар ажиллаж байсан хүн номын сангийн босго алхсан нь энэ. Гэвч багаасаа ном унших дуртай, номын сангаар тогтмол үйлчлүүлдэг байсан нь шинэ ажлаа ойлгож, эзэмшихэд нь дөхөм болжээ. Хожим 2005 онд Соёлын урлагийн дээд сургуулийн номын санчийн сургалтад хамрагдан мэргэжлээ дээшлүүлсэн байна.
Тэрээр 2016 онд гавьяаныхаа амралтад гарах хүртлээ өдрийн уншлагын танхимд ажилласан юм.
Тухайн үеийн академийн номын фонд өнөөгийнхтэй харьцуулахад тун цөөн. Зарим сурах бичиг ганцхан хувь, арай олондоо таван ширхэг байх нь ч бий. Тиймээс ховор номыг гэрээр олгох боломжгүй, сонсогчид уншлагын танхимд сууж ашигладаг байв. Номын сан өглөө найман цагаас оройн хорин цаг хүртэл ажиллана. Бүр 2001–2003 онд Дуламсүрэн эгч өдөр бүр 12 цагийн турш ээлжгүй ажиллаж байжээ.
Гэхдээ тэрээр ажлын урт цагийг зовлон болгож ярьсангүй. Харин ч номын сангаа цагийн хуваарийн дагуу нээлттэй байлгах нь сонсогчдын хичээл сурлагад ямар чухал байсныг тайлбарлав.
“Манай сургуулийн сонсогчид яг хуваарийн дагуу хичээллэдэг. Цайны цагаар олддог дөчхөн минутад номоо авахаар зорин ирдэг. Тэр үед номын сан хаалттай байвал хүүхэд хэрэгтэй номоо авч чадахгүй, цаашлаад хичээлээ хийхэд нь хүндрэлтэй болно шүү дээ. Тиймээс сонсогчдын завсарлагаан, хичээлдээ ирэх, тарах цагаар хаалгаа огт хаадаггүй байлаа” хэмээв.
Тэр үед ном ховор байсан ч уншигч цөөн байгаагүй гэнэ. Харин ч танхим дүүрэн сонсогчтой, заримдаа суух ширээ хүрэлцэхгүй шахам өдрүүд олон байжээ. “Уншигч олонтой байна гэдэг номын санчийн бахархал юм билээ” хэмээн Дуламсүрэн эгч инээмсэглэх нь энэ ажилдаа ямар их сэтгэлээ шингээдэг байсан нь харагдах аж.
М.Дуламсүрэн эгчийн ажлын онцлог нь номын сангийнхаа фондыг гарын таван хуруу шиг мэддэг байсанд оршино. Сонсогч ямар нэг сэдвээр судалгааны ажил хийхээр ирэхэд зөвхөн асуусан номыг нь өгөөд явуулахгүй, харин тухайн сэдэвтэй холбогдох сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээл, магистр, докторын судалгааны ажлуудыг цуглуулж, аль болох олон талаас нь судлахыг зөвлөнө.
“Нэг хүүхэд ангийн ажил бичнэ гээд ирэхээр нь арваад ном аваачаад өгчихнө. Тэгэхээр ‘Ямар их ном бэ?’ гэж гайхна. Би ‘Сайн ажил хийе гэвэл бүгдийг нь харьцуулж унш. Нэг номоор хязгаарлагдаж болохгүй’ гэдэг байсан. Сүүлд нь ажлаа сайн бичиж, багшаараа үнэлүүлсэн тухайгаа ирж хэлэхээр их сайхан санагдана” хэмээн дурсав.
Ингэж зөвлөхийн тулд тэрээр өөрөө ч их уншдаг байжээ. Хууль, эрх зүй, сэтгэл судлал, логик, философийн бүтээлүүдийг судалж, номын агуулгыг таньж мэдэхэд багагүй цаг зарцуулсан байна. “Би хуульчийн дипломгүй ч олон жил хуулийн ном уншсаар байгаад бараг эрх зүйч мэргэжилтэй болчихсон санагддаг. Одоо ч хүүхдүүд асуусан зүйлдээ хариулт аваад ‘Та багш байсан юм уу?’ гээд гайхдаг шүү” хэмээн инээмсэглэв. Түүний хувьд номын санчийн мэдлэг гэдэг зөвхөн ном хаана байгааг мэдэх бус, тэр ном хэнд, ямар үед хэрэг болохыг ойлгох чадвар ажээ.
Номыг уншигчид хүргэхээс гадна хадгалж хамгаалах ажилд ч тэрээр сэтгэл гарган ажиллажээ.
Анх ажилд орохдоо урагдаж хуучирсан ном, дугаар нь дутуу сэтгүүл цөөнгүй байсныг эмхэлж цэгцлэхээр шийдсэн байна. Ном бүрийг сэлбэж, сэтгүүлүүдийг товьёоглон, дутуу дугаарын бүртгэл гаргаж, засварын төсөв хүртэл боловсруулан удирдлагадаа танилцуулдаг байсан аж. “Номын сангийн тавиур дээр уранхай ном, хаяггүй сэтгүүл байж болохгүй гэж боддог байсан. Нэгэнт номын сан юм чинь бүх зүйл эмх цэгцтэй байх ёстой” хэмээн Дуяа эгч ярив.
Энэ ажлыг хийхэд ном зүйч Нансалмаа, номын санч Уртнасан нарын туршлага түүнд ихээхэн түшиг болжээ. Ялангуяа Уртнасан эгчийн нягт нямбай, хариуцлагатай байдал, номтой ажиллах арга барилаас олон зүйл сурсан тухайгаа онцолсон юм. Мөн тухайн үеийн номын сангийн эрхлэгч, хошууч Д.Нямдавааг зарчимч, шударга удирдагч байсныг дурдав. Шинэ ажилтны санаачилгыг дэмжиж, хөдөлмөрийг нь үнэлдэг байсан нь түүнийг улам хичээн ажиллахад нөлөөлжээ. Ажилд орсон эхний жилдээ л дөрөв, таван удаа цалингийн нэмэгдлээр шагнуулж байсан аж.
М.Дуламсүрэн эгчийн сэтгэлд үлдсэн нэгэн мөрөөдөл бий. Тэрээр цэргийн цолтой алба хаагч болохыг хүсдэг байжээ. Анх номын санчийн орон тоо энгийн байсан бол хожим цэргийн болсон ч насны хязгаар давсан учир цол олгох боломжгүй болжээ.
“Би энгийн ажилтан байсан ч цэргийн алба хаагчтай адил шаардлагаар ажилладаг байлаа. Уг нь би цэргийн хүн болсон бол гоё байх байсан даа” гэж хэлэхдээ тэрээр багахан харамсал тээж яваа нь мэдрэгдэнэ. Гэвч сонирхолтой нь, түүний биелүүлж чадаагүй мөрөөдөл үр хүүхдүүдийнх нь сонголтод нөлөөлжээ.
Хүүхдүүд нь багаасаа ээжийнхээ ажил дээр ирж, Цагдаагийн академийн орчинд дассан байна. Дүрэмт хувцастай алба хаагчид, хичээлдээ яарах сонсогчид, сургуулийн өдөр тутмын амьдрал тэдэнд ойр дотно санагддаг болжээ.
Том охин нь өөр сургуульд суралцаж байснаа орхин Цагдаагийн академид элсжээ. Тэрбээр сургуулиа төгсөөд мөн энд ээжтэйгээ хамт ажиллаж байжээ. Бага хүү нь мөн тус сургуулийг цагдаагийн ажил, эрх зүйч мэргэжлээр төгсөж, эрүүгийн албанд ахмад цолтой ажиллаж байна. Сэтгүүлч мэргэжилтэй охин нь ч мөн энэ л байгууллагад ажиллана гээд дөрвөн жил нөөцөд хүлээсний эцэгт энэ жилээс ажиллаж эхэлжээ. Бүр зээ хүү нь хүртэл энэ сургуульд суралцахыг мөрөөддөг аж.
“Би гэртээ очоод ажлынхаа талаар дандаа сайхан зүйл ярьдаг байсан. Хамт олон, сургуулийнхаа тухай сайхнаар ярьдаг болохоор хүүхдүүд маань энэ албанд дурласан байх” гэж Дуяа эгч хэлэв. Түүний хувьд Дотоод хэргийн их сургууль ажиллаж байсан газар төдийгүй гэр бүлийнх нь хэдэн үеийн хүсэл мөрөөдөлтэй холбогдсон эрхэм орон зай болжээ.
Дуламсүрэн эгчтэй ярилцахад номын сангийн тухай дурсамж бүр нь амьд санагдана. Тэдгээрийн дундаас цэцгийн тухай яриа нь онцгой. Тэрээр номын сангийнхаа өрөөнд олон төрлийн цэцэг тарьдаг байжээ. Хачирхалтай нь өөр газар сайн ургадаггүй цэцэг хүртэл тэдний өрөөнд сайхан ургадаг байсан гэнэ.
“Эрдмийн газар их сайхан энергитэй байдаг юм билээ. Манай номын санд цэцэг үнэхээр сайхан ургана. Багш нар надаас үрсэлгээ их авдаг байсан” гэж хуучлав.
Номын сангийн цонхон дээрх цэцэг, уншлагын танхимд суугаа сонсогчид, номын тавиурын дунд өнгөрүүлсэн өдрүүд. Түүний дурсамжид энэ бүхэн нэгэн бүхэл ертөнц болон хадгалагджээ.
2016 онд М.Дуламсүрэн эгч Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж, мөн онд гавьяаныхаа амралтад гарсан юм. Гэвч төрөлх сургуулиасаа холдсонгүй. Хэсэг хувиараа ажилласан ч 2022 онд сургуулийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Оюунаагийн санал болгосноор эргэн ирж, өнөөдөр гурван давхрын “Bookshop” ажиллуулж байна. Ингээд л Дуламсүрэн эгч сонсогч хүүхдүүдтэйгээ дахин бужигнах болжээ.
Одоо ч бие даалтын ажлаа хэвлүүлэхээр ирсэн сонсогчдын бичсэнийг сонирхож, эх сурвалж нь дутуу байвал ном санал болгож, эшлэл, зүүлт хийхийг зөвлөнө. Заримдаа бүр өөрөө тусалж өгдөг байна. Гавьяаныхаа амралтад гарсан ч номын санчийн зангаа тавиагүй нь энэ.
М.Дуламсүрэн эгч өнөөгийн сонсогчдын сурах боломж өмнөх үеийнхээс хавьгүй өргөн болсныг онцлов. Ном, судалгааны материал цахим хэлбэрт шилжиж, мэдээлэл хайх нь хялбар болсон ч уншиж ойлгох, өөрөө судлахын үнэ цэн хэвээр гэдгийг ярив.
“Их сургуульд суралцаж байгаа хугацаагаа маш сайн ашиглах хэрэгтэй. Энэ бол мэдлэг боловсролоо олж авах хамгийн чухал үе. Илүү их унш. Номтой сайн нөхөрлө. Бусдын бичсэнийг хуулж тавиад байж болохгүй. Өөрөө уншиж, ойлгож, сэтгэлээсээ сураарай. Манай сургуулийг төгссөн хүүхэд ажил дээр гараад гологдож болохгүй. Харин бусдад үлгэр дуурайлал болох ёстой” гэж тэр захилаа.
Тэрээр багшийн мэргэжил эзэмшээгүй ч сонсогчдод судалж сурахыг заажээ. Цэргийн цол зүүж амжаагүй ч үр хүүхдүүддээ албаны үнэ цэнийг ойлгуулжээ. Ном бичээгүй ч олон хүнийг номтой нөхөрлүүлжээ. Энэ бүхэн түүний хөдөлмөрийн утга учир аж.
Өнөөдөр М.Дуламсүрэн эгчийг сургуульдаа ирэхэд танил дотно орчин, ном эрдмийн уур амьсгал, мэдлэгт тэмүүлсэн залуус нь угтсан хэвээр. Нэгэн цагт номын сангийнхаа хаалгыг хамгийн сүүлд хаадаг байсан тэрээр одоо BookShop-ынхаа үүдийг хамгийн эрт нээж, сонсогчдод хэрэгтэй ном, хэрэглэгдэхүүнийг хүргэн мэдлэгийн гэрлийг асаалцсаар байна.
Ийнхүү номын санчийн ажлаас гавьяаныхаа амралтад гарсан ч номоос, номын ертөнцөөс, мэдлэг эрэлхийлсэн залуусаас тэр холдсонгүй. Учир нь номтой нөхөрлөсөн хүн номын ертөнцөөс хэзээ ч тэтгэвэрт гардаггүй ажээ.
Ахлах дэслэгч Д.Дайрийжав