ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ "ШИЛДЭГ БҮТЭЭЛ”, “ШИЛДЭГ ИЛТГЭЛ”, “ШИЛДЭГ ТӨСӨЛ” ШАЛГАРУУЛАХ VI УРАЛДААН ЭНЭ ЖИЛ “БИЗНЕСИЙН ОРЧИН БА ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ” СЭДВЭЭР БҮТЭЭЛҮҮДЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ. ЭРДЭМТЭН, СУДЛААЧ, ОЮУТНУУД ТА БҮХНИЙГ ТУС УРАЛДААНД БҮТЭЭЛ, ТӨСӨЛ, ИЛТГЭЛЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
Бид та бүхэндээ тус уралдааны 2023 оны “Шилдэг бүтээл”-ийн төрөлд “Гэмт хэргийн бүтэц ерөнхий анги” гэсэн бүтээлээрээ оролцож тэргүүн байрын шагнал хүртсэн доктор Т.Золбоогийн сэтгэгдлийг хүргэж байна.
–Таны хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит уралдааны “Шилдэг бүтээл” төрөлд тэргүүн байр эзэлж байсан. Тэр бүтээлийнхээ талаар бидэнд товч танилцуулна уу?
–Баярлалаа. Би 2023 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит уралдааны “Шилдэг бүтээл” төрөлд “Гэмт хэргийн бүтэц: Ерөнхий анги” бүтээлээрээ оролцож, тэргүүн байр эзэлсэн.
Энэ бүтээл маань монограф болон сурах бичгийн шинжтэй. Эрүүгийн эрх зүйн ерөнхий ангийн үндсэн ухагдахуунуудыг багтаасан бүтээл юм. Гэмт хэрэг, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг задлан шинжлэх өөр арга, аргачлал байж болох тухай санааг дэвшүүлсэн бөгөөд онолын ойлголтуудаа жижиг хэмжээний жишээнүүдээр баяжуулсан нь онцлогтой.
Одоогоор номын худалдаанд байхгүй. Гурав дахь хэвлэлийн маань нөөц дууссан. Засаж, сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа учраас одоогоор дахин хэвлүүлээгүй байна.
–Та энэхүү уралдааны ач холбогдлын талаар хэрхэн дүгнэдэг вэ?
–Би энэ уралдааны гурван ач холбогдлыг онцлон хэлмээр байна.
Юун түрүүнд, би Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит шагналаа ихэд эрхэмлэдэг. Энэ бол миний хүндэтгэж явдаг шагналуудын нэг юм.
Хууль зүй, дотоод хэргийн яам бол бодлого тодорхойлж, хэрэгжүүлэн, хяналт тавьдаг төрийн байгууллага. Аливаа улсын бодлого шинжлэх ухаантай харилцан уялдаатай байх нь чухал. Эрдэмтэн, судлаачдын бүтээлүүдийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шалгаруулж, чанар чансаа, үзүүлэлтүүдийг нь үнэлж дүгнэнэ гэдэг нь манай салбарын яам шинжлэх ухаанч хандлагыг хэрхэн эрхэмлэж, эрдэм шинжилгээний бүтээлүүдэд хэрхэн анхаарч байгаагийн илэрхийлэл юм.
Хоёрдугаарт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит шагналын мөнгөн урамшуулал бусад уралдааны шагналтай харьцуулахад чамлахааргүй хэмжээтэй. Өөрөөр хэлбэл, судалгаа шинжилгээг дэмжих, судалгаагаа үргэлжлүүлэх сэдэл төрүүлэх, цаашид шинэ судалгаа хийхэд хүрэлцэхүйц санхүүгийн дэмжлэг олгодог. Мөн шагнал нь өөрөө нэр хүндтэй бөгөөд тухайн хүний эрдэм шинжилгээний бүтээлийн чанар, чансааг тодорхойлох нэг үзүүлэлт болж байна. Иймээс үүнийг шинжлэх ухаанд оруулж буй хөрөнгө оруулалт гэж үздэг.
Гуравдугаарт, эрдэмтэн, судлаачдад шинжлэх ухааны үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх урам зориг, шинэ сэдэл өгдөг. “Шилдэг бүтээл”, “Шилдэг илтгэл”, “Шилдэг төсөл” гэсэн төрлүүдээр олон нийтэд нээлттэй зарлагддаг нь эрдэмтэн, судлаачдыг урамшуулахын зэрэгцээ тэдний бүтээлийг шинжлэх ухааны эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтой.
Тэр дундаа хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд түлхэц өгч, хувь нэмрээ оруулж байгаа үр нөлөөтэй уралдаан гэдгийг итгэл дүүрэн хэлмээр байна.
–Энэхүү уралдаан 2025 онд тав дахь жилдээ зохион байгуулагдахаар зарлагдаад байна. Судлаачийн хувьд уралдаанд оролцогчдод хандаж, урам өгсөн үг хэлнэ үү?
–Юун түрүүнд, өөрийн бүтээлийн чанар, чансааг сорьж үзье гэж бодож байгаа бол оролцоорой гэж хэлмээр байна. Эрдэмтдээс бүрдсэн хараат бус комисс бүтээлүүдийг шалгаруулдаг гэж дуулсан. Эрдэмтэн, судлаач хүний хувьд өөрийгөө сорьж, бүтээлээ ямар түвшинд байгааг үнэлүүлэхийн тулд заавал оролцож үзэх хэрэгтэй. Би ч гэсэн шагнал авна гэж бодоогүй, зүгээр л оролцоод үзье гэж бодсон.
Нөгөө талаар, энэхүү уралдаанд оролцсоноор өөрийн бүтээлийг шинжлэх ухааны эргэлтэд оруулж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Судалгаа шинжилгээ хийнэ гэдэг нь зөвхөн өөрийн хүрээнд ажиллаад байхыг хэлэхгүй. Харин хийсэн судалгаагаа олон хүнд түгээж, хүргэж, шинжлэх ухааны эргэлтэд оруулах нь чухал. Тиймээс эрдэмтэн, судлаачид эргэлзэлгүйгээр бүтээлээ илгээж, оролцоосой гэж хүсэж байна.
Гуравдугаарт, дараагийн судалгааны төсөлдөө санхүүжилт хайж байгаа бол мөн л оролцох хэрэгтэй. Хамгийн чухал нь, эрдэмтэн, судлаачид өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээний судалгааг холбогдох засаг захиргаа, нутаг дэвсгэрийн болон бодлого тодорхойлох байгууллагуудад танилцуулж, төрийн бодлогын түвшинд хүргэж, бодит ажил хэрэг болгохыг зорих ёстой.
Тиймээс энэхүү уралдаан нь шинжлэх ухаан болон төрийн байгууллагын үйл ажиллагаа харилцан уялдаатай байх нэг чухал цэг юм. Эрдэмтэн, судлаачид өргөнөөр оролцоосой гэж уриалж байна.
Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан төрийн байгууллагатайгаа харилцан уялдаатай байж, судалгааны үр дүн бодит амьдралд хэрэгжих боломж бүрдэнэ. Ингэснээр судалгаагаа улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, эсвэл хуулийн төслийн санаа болгох боломжтой. Энэ нь судлаач хүний хувьд томоохон бахархал юм.
Шинжлэх ухаан, төрийн байгууллагын үйл ажиллагаа хоорондоо уялдан нийлэх ийм боломжийг энэхүү уралдаан олгож байгаа учраас оролцоорой. Энэ бол үнэхээр чухал боломж гэдгийг дахин хэлмээр байна.
–Энэхүү уралдааны “Шилдэг илтгэл” төрөлд сонсогч, суралцагч, оюутнууд оролцох боломжтой. Багш хүний хувьд тэдэнд уралдаанд оролцох талаар ямар зөвлөгөө өгөх вэ?
–Энэ тэмцээний бас нэг онцлог нь мэргэжлийн судлаач, эрдэмтдээс гадна оюутан, залуусыг хамруулдагт оршиж байна. Оюутан, залуусын хувьд судалгааны арга зүй эзэмших, өөрийн арга зүйгээ үнэлж, дүгнэх ач холбогдолтой.
Ялангуяа “Шилдэг илтгэл” төрөлд оролцохоор зорьж, судалгаа шинжилгээний чиглэлээр өөрийгөө сорихоор төлөвлөж байгаа оюутан, залуусыг оролцоорой гэж зөвлөе. Өөрөөр хэлбэл, би энэ чиглэлээр цаашид ажиллах хүн мөн үү гэдгээ бодитоор сорьж, үнэлүүлэх нэг боломж нь энэхүү уралдаан юм.
Хэрэв шагнал авбал урам зориг авч, судалгаагаа цаашид үргэлжлүүлэхэд түлхэц болно. Өөрөө оролцож, урам зориг авсан хүний хувьд би ийм л зөвлөгөө өгмөөр байна.