ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН УДИРДЛАГА: ШИНЭЧЛЭЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРАЛЦАГЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-10-15
ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН УДИРДЛАГА: ШИНЭЧЛЭЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРАЛЦАГЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН УДИРДЛАГА: ШИНЭЧЛЭЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРАЛЦАГЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академиас уламжлал болгон зохион байгуулдаг “Хууль сахиулах салбарын удирдлага: Шинэчлэл, цаашдын чиг хандлага” сэдэвт ахисан түвшний суралцагчдын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2026.10.15/ амжилттай зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлыг 2016 оноос тус Академийн суралцагчдын хүрээнд зохион байгуулснаар эхэлж байсан бөгөөд өдгөө улсын хэмжээний хурал болон агуулга, цар хүрээний хувьд өргөжин тэлсэн төдийгүй судлаач, оюутнууд хууль сахиулах салбарын удирдлагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэх боломжийг олгосон нээлттэй индэр болсон байна.

Энэ удаагийн хуралд Үндэсний тагнуулын их сургууль, Үндэсний батлан хамгаалах их сургууль, Удирдлагын академи, Эрдмийн их сургууль, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар болон Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн судлаачид, Удирдлагын академийн “Хууль сахиулах удирдлага”, “Стратегийн удирдлага” чиглэлээр суралцаж буй магистр, докторантууд илтгэл, өгүүллээ ирүүлэн оролцлоо.

Эрдэм шинжилгээний хурлаар Хүний эрх, ёс зүй, шударга байдал ба хариуцлагатай удирдлага, удирдлагын чиг үүрэг ба байгууллагын үр ашиг, Хил хамгаалах байгууллагын инновацын удирдлагын хөгжил, цаашдын чиг хандлага, Дижитал шилжилт, хиймэл оюун ухаан ба технологид суурилсан хууль сахиулах ажиллагаа, Гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлтийн удирдлага зохион байгуулалт, сайжруулах арга зам, Гадаадын зарим орны тодорхой төрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны удирдлага, зохион байгуулалт зэрэг Монгол Улсын хууль сахиулах болон аюулгүй байдлын салбарын тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Хууль сахиулах, дотоод аюулгүй байдлыг хангах төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын мэргэжлийн алба хаагчид, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож байгаа тус хурал нь энэ салбарт тулгамдаж байгаа удирдлагын асуудлыг бодитой олж харсан, шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн, асуудлыг олон талаас нь зөвлөлдөн хэлэлцсэн, оюун мэдлэгээ уралдуулсан бүтээлч, үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

“Хууль сахиулах салбарын удирдлага: Шинэчлэл, чиг хандлага” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд оролцон илтгэл өгүүллээ ирүүлсэн, хэлэлцүүлсэн нийт судлаачдадаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.164)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook