“ОЛОН УЛСЫН ХЯНАН МАГАДАЛГАА БҮХИЙ СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ, НИЙТЛҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-10-09
“ОЛОН УЛСЫН ХЯНАН МАГАДАЛГАА БҮХИЙ СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ, НИЙТЛҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ОЛОН УЛСЫН ХЯНАН МАГАДАЛГАА БҮХИЙ СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ, НИЙТЛҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хууль зүйн сургуулиас Эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Олон улсын хянан магадалгаа бүхий сэтгүүлд өгүүлэл хүргүүлэх, нийтлүүлэх арга зүй” сэдэвт сургалт, семинарыг өчигдөр /2026 оны аравдугаар сарын 8/ зохион байгууллаа.

Тус сургалт, семинар нь их сургуулийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл, бодлогын хүрээнд олон улсын хянан магадалгаа бүхий сэтгүүлийн эрэмбэ, чансааг тодорхойлох, эрдэм шинжилгээний өгүүлэл илгээх, нийтлүүлэх арга зүйг эзэмшүүлэх, цаашид их сургуулийн эрдэм шинжилгээний бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгож, тодорхой үр дүнд хүрэхэд багш, судлаачдын гүйцэтгэх үүрэг, эзэмших чадварын талаар арга зүйн мэдээлэл түгээх, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой.

Энэ үеэр Хууль зүйн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Ж.Нямдулам бүрэлдэхүүн сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цаашдын бодлого, чиглэлийг танилцууллаа.

Мөн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахлах судлаач, цагдаагийн ахлах дэслэгч С.Солонго “Шинжлэх ухааны сэтгүүлийн чанарыг тогтоох анхан шатны арга”, Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор (Ph.D), цагдаагийн ахмад Б.Хулан “Шинжлэх ухааны сэтгүүлд илтгэл, өгүүлэл бичих арга зүй”, тус тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D), дэд хурандаа Т.Азжаргал “Хууль зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг олон улсын академик хэвлэлийн тогтолцоогоор дээшлүүлэх боломж” сэдвээр тус тус илтгэл, танилцуулга хийж, оролцогч багш нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгийн үеэр багш, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлийг салбарын мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлэх явцад тулгарч буй бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, туршлага хуваалцлаа.

Мөн салбарын шинжлэх ухааны сэтгүүлүүдийг судалж, өгүүлэл нийтлүүлэхэд тавигдах шаардлага, шалгуур, сэтгүүл сонгох арга зүй, мөн Web of Science (WoS) болон Scopus мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлүүдийн Q1–Q4 ангиллыг зөв тодорхойлох, үнэлэх талаар туршлага, мэдээлэл солилцов. Түүнчлэн багш, судлаачдыг олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй, чанарын шаардлага хангасан сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээлээ нийтлүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Доктор, дэд хурандаа Т.Азжаргал Оксфордын их сургуулийн Хууль зүйн факультет, Кембрижийн их сургуулийн Хууль зүйн факультет, Нью-Йоркийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн судалгааны чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн тодорхой механизмуудыг харьцуулан судалж, эрдэм шинжилгээ, судалгааны чанарыг тасралтгүй дээшлүүлэх мөчлөг буюу “University Research Ecosystem for Legal Scholarship” загварыг танилцууллаа.

Мөн хууль зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээ болон шинэ чиг хандлагад тулгуурлан багш нар санал бодлоо илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь сургалт, семинарын үр дүнг нэмэгдүүлсэн ажил боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.174)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook