Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон Монгол Улсын төрийн дээд цол хүртсэн, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан эрхэм хүндэт эрдэмтэн багш, албан хаагчдадаа хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг өнөөдөр /2026.10.09/ зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын гавьяат хуульч, ДХИС-ийн “Хүндэт профессор”, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, цагдаагийн хурандаа Д.Зүмбэрэллхам, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, ДХИС-ийн “Хүндэт профессор”, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, цагдаагийн хурандаа Ж.Болдбаатар, Монгол Улсын гавьяат хуульч, ДХИС-ийн “Хүндэт профессор”, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Ч.Нямсүрэн, Монгол Улсын гавьяат хуульч, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Р.Баярмагнай, Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Я.Энэбиш, Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Г.Ганболд нар оролцлоо.
Монгол Улсын төрийн дээд цол хүртэж, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан эрхмүүд Их сургуулийнхаа одонт туганд хүндэтгэл үзүүлж, Их сургуулийн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар алхсан юм.
Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Их сургуулийн 92 жилийн түүхэн хөгжилд үе үеийн эрдэмтэн багш, судлаачдын оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэв.
Тэрбээр тус сургууль нь өнөөдөр есөн бүрэлдэхүүн, харьяа сургуультай, боловсролын 57 хөтөлбөрөөр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байгааг дурдаад, сургалтын чанар, судалгааны чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын стандарт, цахим технологи нэвтрүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаас танилцууллаа. Мөн 2022-2026 онд тус сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлөөр 79 докторант докторын зэрэг хамгаалсан нь эрдэм шинжилгээний чадавх өсөн нэмэгдэж буйн илэрхийлэл болохыг онцлов.
Төгсгөлд нь төрийн дээд цол хүртэж, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан эрхэм эрдэмтэн багш, албан хаагчдад баяр хүргэж, тэдний эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэл, бүтээсэн үнэт өв нь Дотоод хэргийн их сургуулийн хөгжил дэвшлийн чухал үндэс болохыг тэмдэглэв.
Төрөлх сургуулийнхаа нэрийн хуудас, үнэт зүйл болсон эрхэм багш нартаа ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.