ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБАНЫ ТЭНХИМИЙН ДЭРГЭДЭХ “ЛЕКТОР” ИЛТГЭХ УРЛАГИЙН ДУГУЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА
Дотоод хэргийн их сургуулийн Цагдаа, дотоодын цэргийн албаны тэнхимийн дэргэдэх “Лектор” илтгэх урлагийн дугуйлан нь сонсогчдын хувь хүний хөгжил, мэргэжлийн ур чадвар, харилцааны соёл, илтгэх болон манлайлах чадварыг хөгжүүлэх, цаашлаад хууль сахиулах байгууллагад ажиллах ирээдүйн алба хаагчдыг олон нийтийн өмнө өөрийгөө зөв боловсон илэрхийлэх, үзэл бодлоо үндэслэлтэй тайлбарлах, бусдад мэдлэг, мэдээллийг оновчтой хүргэх чадвартай болгон төлөвшүүлэх зорилготойгоор 2026–2027 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнөөгийн нийгэмд хууль сахиулах байгууллагын алба хаагчдаас зөвхөн хууль тогтоомж, мэргэжлийн мэдлэг эзэмшсэн байхаас гадна иргэд, олон нийттэй зөв боловсон харилцах, аливаа асуудлыг ойлгомжтой тайлбарлах, нөхцөл байдлыг бодитой үнэлэх, шийдвэр гаргалтаа үндэслэлтэй илэрхийлэх, багаар ажиллах, бусдыг сонсох, өөрийн байр суурийг соёлтойгоор илэрхийлэх чадвар чухал шаардлага болж байна. Иймд тус дугуйлан нь сонсогчдын дээрх чадварыг сургалт, дадлага, оролцоонд суурилсан үйл ажиллагаагаар дамжуулан хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.
Нэг. Дугуйлангийн зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл
“Лектор” илтгэх урлагийн дугуйлангийн үндсэн зорилго нь сонсогчдын илтгэх урлагийн суурь болон ахисан түвшний мэдлэг, чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ өөртөө итгэлтэй, зөв боловсон харилцаатай, аливаа асуудалд дүн шинжилгээ хийх чадвартай, бусдыг манлайлах хандлагатай ирээдүйн алба хаагчдыг төлөвшүүлэхэд оршино.
Энэхүү зорилгын хүрээнд сонсогчдод илтгэл боловсруулах, илтгэлийн бүтэц, агуулгыг зөв тодорхойлох, мэдээллийг эх сурвалжид тулгуурлан боловсруулах, олон нийтийн өмнө өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, ярианы өнгө, хурд, дуу хоолойны зөв хэрэглээг эзэмшүүлэх чиглэлээр сургалт, дадлага зохион байгуулна.
Мөн сонсогчдын биеийн хэлэмж, тайзны хөдөлгөөн, сонсогчидтой харилцах арга барил, сэтгэлзүйн бэлтгэл, олны өмнө үг хэлэх үеийн айдас, сандралыг даван туулах чадварыг хөгжүүлэхэд анхаарч, онолын мэдлэгийг практик дадлагатай хослуулан хэрэгжүүлнэ.
Хоёр. Сургалт, дадлага, хөгжүүлэх үйл ажиллагаа
2026–2027 оны хичээлийн жилд дугуйлангийн үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу тогтмол зохион байгуулж, сонсогчдын оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг чадварыг бодит дадлагаар бататгах, харилцан суралцах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Сургалтын хүрээнд сонсогчдоор бие даан болон багаар илтгэл боловсруулах, тодорхой сэдвийн хүрээнд богино хугацаанд илтгэл тавих, өөрийн үзэл бодлыг баримт нотолгоонд тулгуурлан тайлбарлах, бусдын асуултад оновчтой хариулах зэрэг дадлага ажлыг хийлгэх юм. Ингэснээр сонсогчид зөвхөн онолын мэдлэг эзэмших бус, эзэмшсэн мэдлэгээ бодит нөхцөлд хэрэглэх, олон нийтийн өмнө өөртөө итгэлтэйгээр үг хэлэх дадалтай болно.
Түүнчлэн сонсогчдын мэдлэг, оюуны чадамж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилгоор “Оюуны эрэлд” мэдлэг сорих тэмцээн, асуулт хариултын уралдаан, мэтгэлцээн, хэлэлцүүлэг болон чөлөөт илтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахад анхаарна. Эдгээр арга хэмжээ нь сонсогчдын бие даан сэтгэх, асуудлыг олон талаас нь авч үзэх, бусдын байр суурийг хүндэтгэх, өөрийн үзэл бодлыг үндэслэлтэй илэрхийлэх чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.
Мөн мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг алба хаагчид, илтгэх урлаг, харилцаа, сэтгэлзүйн чиглэлийн мэргэжилтнүүдийг урьж оролцуулан туршлага солилцох уулзалт, ярилцлага, сургалт зохион байгуулж, сонсогчдын мэдлэг, ойлголтыг өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Гурав. Сонсогчдын хувь хүний хөгжил, мэргэжлийн төлөвшилд үзүүлэх ач холбогдол
Илтгэх урлаг нь зөвхөн олон нийтийн өмнө үг хэлэх чадвараар хязгаарлагдахгүй бөгөөд хүний сэтгэн бодох, мэдээлэл боловсруулах, бусдыг ойлгох, харилцаа тогтоох, өөрийгөө удирдах, манлайлах чадвартай салшгүй холбоотой юм.
Тиймээс тус дугуйлангийн үйл ажиллагаагаар дамжуулан сонсогчдод хариуцлагатай, ёс зүйтэй, өөртөө итгэлтэй, зөв боловсон харилцаатай байх хандлагыг төлөвшүүлэхийн зэрэгцээ ирээдүйн албандаа иргэд, олон нийттэй харилцах, хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтыг тайлбарлан таниулах, албан үүргийн хүрээнд мэдээлэл танилцуулах, үүрэг чиглэл өгөх, хамт олноо зохион байгуулахад шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэн ажиллаж байна.
Мөн сонсогчдын багаар ажиллах, харилцан суралцах, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, шүүмжлэлийг зөв хүлээн авах, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хандлагыг дэмжих нь дугуйлангийн үйл ажиллагааны чухал зорилтын нэг юм.
Дөрөв. Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүлээгдэж буй үр дүн
Цаашид “Лектор” илтгэх урлагийн дугуйлангийн үйл ажиллагааг улам өргөжүүлж, сургалтын агуулга, арга зүйг сонсогчдын хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн боловсронгуй болгох, илтгэх ур чадварын дадлага, тэмцээн уралдааныг тогтмолжуулах, бусад тэнхим, дугуйлан, клубтэй хамтарсан үйл ажиллагааг зохион байгуулахад анхаарч ажиллана.
Түүнчлэн сонсогчдын дунд илтгэлийн ур чадварын тэмцээн зохион байгуулах, тодорхой сэдвээр мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлэх, мэргэжлийн болон нийгэмд тулгамдаж буй асуудлаар чөлөөт илтгэл тавих боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ цахим орчинд илтгэл танилцуулах, мэдээллийг богино хугацаанд оновчтой хүргэх, гадаад хэл дээр илтгэх чадварыг хөгжүүлэх сургалт, дадлагыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
|
№ |
Нэгж, Тэнхим |
Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр |
Холбогдох утасны |
Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо |
Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он |
|
1. |
Цагдаа, дотоодын цэргийн албаны тэнхим |
Цагдаа, дотоодын цэргийн албаны тэнхимийн багш, цагдаагийн дэслэгч А.Анхбаяр |
70155026 |
52 |
2013 |