“Хятад хэл ” -ний ярианы клуб

“汉语之桥” – “ХЯТАД ХЭЛНИЙ ГҮҮР”

ДУГУЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Дотоод хэргийн их сургуулийн суралцагчдын хятад хэлний мэдлэг, харилцааны ур чадварыг хөгжүүлэх, гадаад хэл сурах сонирхол, идэвх оролцоог нэмэгдүүлэх, Хятадын хэл, түүх, соёл, уламжлалын талаарх мэдлэгийг өргөжүүлэх зорилготой сургалт, танин мэдэхүйн чиглэлийн дугуйлан юм.

Дугуйлан нь суралцагчдад хятад хэлийг зөвхөн онолын мэдлэгийн хүрээнд бус өдөр тутмын амьдрал болон ирээдүйн мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах практик чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ. Ингэхдээ хэлний дөрвөн үндсэн чадвар болох сонсох, ярих, унших, бичих чадварыг харилцан уялдаатай хөгжүүлж, суралцагч төвтэй, идэвхтэй, бүтээлч сургалтын орчныг бүрдүүлэн ажиллана.

ДУГУЙЛАНГИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Суралцагчдын хятад хэлээр өдөр тутмын болон мэргэжлийн энгийн нөхцөлд харилцах мэдлэг, чадвар, дадлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ хэл, соёлын харилцан хамаарлыг ойлгуулах, бие даан суралцах болон багаар хамтран ажиллах чадварыг хөгжүүлэхэд оршино.

Энэхүү зорилгын хүрээнд:

  • Хятад хэлний үгийн сан, хэлзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх;
  • Зөв дуудлага, сонсож ойлгох, харилцан яриа өрнүүлэх чадварыг хөгжүүлэх;
  • Өдөр тутмын болон мэргэжлийн харилцаанд хэрэглэгдэх үг хэллэгийг практикт ашиглаж сурах;
  • Хятад ханзны бүтэц, зурлагын дараалал, зөв бичлэгийг эзэмшүүлэх;
  • Уламжлалт хятад бийрийн бичлэгийн арга барилд суралцуулах;
  • Хятадын түүх, соёл, ёс заншил, уламжлалын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх;
  • Суралцагчдын бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилтуудыг хэрэгжүүлнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

1. Хэл ярианы дадлага

Суралцагчдыг өөрийгөө танилцуулах, мэндчилгээ дэвшүүлэх, гэр бүл, найз нөхөд, сургууль, ажил, өдөр тутмын амьдрал, хоол хүнс, аялал, зам тээвэр, үйлчилгээний газар болон энгийн албан харилцааны сэдвээр хятад хэлээр харилцах дадалд сургана. Мөн мэргэжлийн онцлогт нийцсэн энгийн харилцааны үг хэллэгийг эзэмшүүлнэ.

2. Сонсгол, дуудлагын дадлага

Хятад хэлний пиньинь, дөрвөн хөг, зөв дуудлагыг эзэмшүүлэхийн зэрэгцээ богино харилцан яриа, аудио, видео материал ашиглан сонссон мэдээллийг ойлгох, асуултад хариулах, зөв дуудлагаар давтан ярих дадлага хийнэ.

3. Ханз болон уламжлалт бийрийн бичлэг

Хятад ханзны бүтэц, зурлагын дараалал, зөв бичлэг, хэмжээ, харьцаа, байрлалыг практик дасгалуудаар эзэмшүүлнэ. Түүнчлэн уламжлалт хятад бийр зөв барих, бэх ашиглах, бийрийн хөдөлгөөн, зурлага татах арга барилд суралцаж, энгийн ханзыг бийрээр бичих, уран бичлэгийн бүтээл боловсруулах үйл ажиллагааг зохион байгуулна.

4. Хятад хэл, соёлын танин мэдэхүй

Хятадын үндэсний баяр, уламжлалт ёс заншил, хоол хүнс, цайны соёл, үндэсний хувцас, хөгжим, урлаг, түүх, соёлын өв, аялал жуулчлал болон орчин үеийн амьдралын хэв маягийн талаар танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулна.

№

Нэгж, Тэнхим

Удирдагч багшийн албан тушаал, цол, нэр

Холбогдох утасны

Клуб, секц, дугуйлангийн гишүүний тоо

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн он

1.

Гадаад хэлний институт

Багш, цагдаагийн ахмад Х.Ундрах

70155026

25

2022

Instagram
Youtube
Facebook